sonin.mn

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гал түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан тухайн гал дээр дайчлагдан ажиллаж байгаа цэргийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сумдаа хамгаалж буй ард иргэд нийлээд одоогийн байдлаар 1700 гаран хүн дайчлагдан ажиллаж байгаа гэсэн мэдээ байна.

Тэгвэл түймрийн голомт дээр дайчлагдан ажиллаж байгаа залуусынхаа идэх хүнсэнд нь дэмжлэг болох зорилгоор Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос "Боорцог" аяныг зохион байгууллаа. Уг аянд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, залуу багш нарын зөвлөл, Хүнсний технологийн дээд сургуулийн багш оюутнууд нэгдсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулиудаас 2 тн гурил цуглаж, боорцогны амт чанар эрүүл аюулгүй байдалд Хан-Уул дүүрэгт байрлах Хүнсний технологийн дээд сургуулийн тенхимийн эрхлэгч болон оюутнууд анхаарч ажилласан байна. Гал түймэрт нирвэгдээд байгаа орон нутгийн ард иргэдэд туслах, түймэр унтрааж байгаа нутгийн иргэд болон онцгой байдлын ажилчид, сайн дурынханд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгон дор нэгдсэн залуус 2015 оны 04-р сарын 25-ны өдөр өөрсдийн гараар хийсэн 60 шуудай боорцогоо гал гарч байгаа бүс нутгуудад илгээжээ.