sonin.mn

СЛАВУТИЧ. /Reuters/. Өнгөрсөн амралтын өдөр Украины нэгэн хотод хэдэн зуун хүн цуглан 29 жилийн өмнө болсон Чернобылийн цөмийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

Чернобылийн атомын цахилгаан станцын ажилчдын төрөлх нутаг болох Славутич хот дахь хохирогчдын дурсгалын хөшөөний хажууд хүмүүс цугласан байна.

Тус АЦС-ын реакторуудын нэг нь 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хийсэн туршилтын үеэр дэлбэрсний улмаас агаарт асар их хэмжээний цацраг идэвхт бодисууд цацагдаж байжээ.

Үүний улмаас тус станцаас 30 км радиус доторх бүсүүдээс 130 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байв.

Тус станцын 30 орчим ажилтан болон гал сөнөөгч цацраг идэвхт бодист хордон амиа алдаж байжээ.

Анагаах ухааны мэргэжилтнүүдийн хэлснээр, дэлбэрэлт болсон бүсэд амьдарч байсан болон тус станцад ажиллаж байсан хүмүүс хорт хавдраар, ялангуяа цусны хорт хавдраар нас барах нь нэмэгдсээр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг