sonin.mn

КАТМАНДУ. /VOA/. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балба улсын бүс нутгуудад амьдардаг 940 мянган хүүхдэд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.

Өнгөрсөн бямба гарагт Балба болон хөрш улсуудад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд “Дахин газар хөдлөлт болох вий гэж айж мэгдсэн хэдэн мянган хүн гадаа гудамжинд шөнийг өнгөрүүлж байна. Тэнд ширүүн бороо орж, цахилгаан эрчим хүч тасарч, хангамжийн хоол хүнс болон усны нөөц дуусч байгаа гэсэн мэдээлэл байна” гэжээ.

Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр, энэ хямрал ялангуяа хүүхдүүдэд хүнд цохилт болж байна.

Хүүхдүүдийг хамгаалахын тулд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүнс, ус, эрүүл ахуй, ариун цэврийн бүтээгдэхүүн болон хээрийн эмнэлэг байрлах майхнаар туслахыг ЮНИСЕФ дэлхийн улс орнуудад уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг