sonin.mn
 
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Е.Перголези "Ливиетта, Траколла хоёр" Италийн орчин үеийн хошин дуурийг толилуулахаар болжээ.
Тус тоглолтыг Итали улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Кучинелли сан, БСШУЯ, УДБЭТ хамтран зохион байгуулж байна.
 
Дуурийг тайзнаа амилуулахаар Итали улсын дуурийн дуучин Леонардо Галеци /баритон/, Эленора Пиронди /сопрано/, удирдаач, хөгжмийн найруулагч Фабио Чиофини, найруулагч Паоло Байоко, товшуур хөгжимчин Майорана Стэфано, Кучинелли сангийн төлөөлөгч Лаура Колетти гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Монголд ирээд байна. Тэд Монголын үзэгчдэд шинэ урсгал, чиглэлийн дуурийг бүтээн туурвиж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. 
 
Тус дуурийн яриан хэсэг болон хөгжмийг УДБЭТ-ын уран бүтээлчид амилуулах бол дуулалтын хэсгийг Италийн дуучид дуулах юм. Харин дуурийн онцлог болох Arciliuto буюу товшуур хөгжмийг италийн хөгжимчин хөгжимдөх аж.
 
Дуурийн үйл явдал нь хулгайч Траколлогийн эргэн тойронд өрнөх бөгөөд бүтэлгүй хулгайч Ливиеттаг залилах гэж хичээнэ. Тухайн үеийн эмгэнэл байсан зүсээ буруулах, залилан мэхлэх зэрэг үйлдлийг харуулах бөгөөд эцэст нь үйл явдлын зангилаа тайлагдаж амар сайхандаа жаргах аж.
 
Энэхүү дуурийг УДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-2-нд тоглоно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг