sonin.mn
 
 
Өмч хувьчиллаар ямар ч өмчгүй үлдсэн нийгмийн нэг бүл бол яах аргагүй л хөөрхий багш нар юм. Өмчгүй тул тэд одоо хөлс урсган өдрөөс өдөрт борви бөгөсхийлгүй зүтгэвч, үнэндээ цагаас цагт улам л үгүйрэн хоосорч их ядуурна. Ингэх нь өмчийн нийгмийн өмчгүйн зам. Багш ийм замаар гэлдрэх нь жам байв уу, ер нь? Өмч хүртэх хувь тэдэнд ер нь үгүй байв уу?
Социализмыг нурааж ардчилализмыг сэргээсэн тэр цаг гэхэд л монгол зон олон бүгдээрээ их бичиг үсэгт тайлагдаж, үүнийхээ үрээр олууллаа хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн хэсэг болж чадсан байв. Тэгэхэд бүр энэ зууны эхэнд хүртэл иргэдийн ихэнх нь их бичиг үсэгт тайлагдаагүй олон олон улс энэ дэлхийд байж л байх. Хүнээ сэхээрүүлж нийгмээ гэгээрүүлсэн түүхийн тэр нэгэн зурвасын тэр их амжилт нь чухамдаа багш нарын их хүчин зүтгэл, чин сэтгэлээр бий болсон юм. Үүнийг үгүйсгэж үл чадах. Учир нь энэ түүхэн баримт. Үүнийг бүр НҮБ, ЮНЕСКО гэрчилнэ.
Монгол хүн бүрийг хүмүн төрөлхтөний соёл иргэншилт иргэн болгон хөглөн хөгжүүлэхээс илүү гарах их хувь нэмэр гэж байна уу? Байхгүй. Багш нараас өөр нийгэмд ийм их хувь нэмрийг оруулсан бүл байна уу? Байхгүй. Учир нь, нийгмийн баялагийг хүн бүтээгддэг бол тэр хүнийг нь багш бүтээдэг.
“Хувьчилагдчихсан” гэх нийгмийн баялаг бүхэнд тэгэхээр багш нэмэртэй. Нэмэртэй тул хувьтай. Хувь оруулсан тул хувиа хүртэнэ. Бүр их хүртэх нь бүр шударга. Гэтэл бүтээсэн тэр баялагаа хувааж өмчлөхөд харин багш л ганцаараа хувьгүй үлдсэн. Энэ шударга бус, тэгш биш. Энэ андуурсан алдаа, завхарсан завхарал.
 
Энэхүү алдаа завхарлаас улбаалж гурван эрдэнэсийн нэг хэмээх эрхэм багш маань ард хоцорсон ард болсоор. Тэд бага цалингийн их хүслэнд уяатай. Тэд байрын зээлийн их барьцаанд гинжтэй. Тэд тарчиг, хомсдолын гандуу төрхөнд дасаастай.Тэд “цалин нэмэх” гэсэн хоёрхон үгэнд амархан хууртаастай. Тэдний төлөө дуугарах холбоо нь бүүр салбаастай. Тэд их өмчинд их хувьтай гэдгээ бараг л мартаастай. Тэд тэгэхээр их үйлсдээ бүүр бага зүтгэлтэй.
 
Их баялагт их хувьтай багшид өмчийг нь л буцааж өг. Байрны барьцаанаас тэднийг чөлөөлж өмч өг. Байгалийн баялагаас илүүхэн хувьцаа олгож өмч өг. Газар олгож өмч өг. Хотын төвийн ашигтай газрын сугалаанд хамруулан ялуулж өмч өг. Багшид ер нь өмч өг. Багш өөрөө “цалин нэмэх” гэдэгт бүү хуурт. Цаас шүү дээ. Харин өмчийн нийгэмд өмчтэй л бол. Хувиа ав, өмчөө ав.
 
Ц.Лувсандорж