sonin.mn
 
 Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 3 000-гаас давлаа гэж тус улсын засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.
Балбын ДХЯ-ны Гамшгийн үед хариу арга хэмжээ авах газрын дарга Рамешвор Дангалын мэдэгдсэнээр, бямба гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсдэгсдийн тоо 3 218 болж нэмэгдсэн байна.
 
“Амиа алдсан хүмүүсийн тоо 3 218, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 6 500 гаруй болоод байна гэж Дангал хэлжээ.
 
Бямба гарагийн өглөө тус улсын нийслэл Катманду хотоос баруун хойш 82 км зайтай газарт 7.8 баллын хүчтэй газар хөдөлснөөс асар их хэмжээний хохирол учирсан юм.
 
Энэ байгалийн гамшгийн улмаас Эверест ууланд цасан нуранги үүссэнээс гадна хөрш Энэтхэг, Бангладеш болон Түвдэд газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгджээ.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдэд 6.6 сая гаруй хүн байна.
 
Байгалийн гамшигтай холбогдуулан Балбад хэд хэдэн улс тусламж үзүүлэхээр шийдсэнээ мэдэгдлээ. Оросын Онцгой байдлын яам аврагчид, эмч болон сэтгэлзүйчдээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутаг руу илгээхээр шийджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг