sonin.mn
 
Зочид буудлуудын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон зочид буудлууд “Зочид буудлууд хамтдаа-АСЕМ 2016” гэсэн уриаг дэвшүүлжээ. Энэ тухай Туушин зочид буудалд мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, “2016 онд Монгол Улсад зохион байгуулах Ази, Европын дээд түвшний уулзалт болох бөгөөд Төр засгаас бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудаа дэмжиж хамтран ажиллахаар болсон билээ. АСЕМ 2016 уулзалтад 4500-гаад зочин ирэх бөгөөд дэлхийн 50 орчим орны төрийн тэргүүнүүд айлчилна. Тиймээс Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох эл уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах нь чухал. Ажлын хэсгээс  аюулгүй байдал болон тогтоосон горимын дагуу АСЕМ-ын  уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах 43 буудлыг сонгоод байгаа аж. Зочид буудлууд таван дүүрэгт байрлаж буй бөгөөд зочид буудлуудад 3586 өрөө, 5379 ор байгаагаас ерөнхийлөгчийн 37 өрөө бий гэнэ. Үнээс таван одтой зочид буудал 3 байгааг дуулгалаа.Урьдчилсан байдлаар сонгож аваад байгаа зочид буудлуудыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна. Түүнчлэн энэ онд дэлхийн хэмжээний томоохон Holiday Inn, Radison, Sheraton, Shangri-La зэрэг зочид буудлууд манайд ашиглалтад орох юм. Төр засгийн зүгээс сонгогдсон зочид буудлуудад үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд 12 чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн  дээрх сонгогдсон буудлуудаас 34 зочид буудал 197 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэглэлийн шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн засвар тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалт зэрэг ажлыг өрнүүлэх шаардлагатай гэдгийг Зочид буудлуудын холбооноос мэдэгдлээ. Зочид буудлууд төр засгийн дэмжлэгээр авсан зээлээ эргэн төлөх аж. 
 
 
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 
Б.Цэрэнжамц