sonin.mn
 
 
Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Түүх, баримт бичгийн газрын дэд захирал И.В.Фетисов нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм.
 
Энэ удаагийн хуралдаанаар 1992-2015 оны хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэж, “Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
 
Хуралдаанд “Хамтарсан комиссын 1992-2015 оны үйл ажиллагаа болон протоколуудын биелэлтийг дүгнэх” талаар Архивын ерөнхий газрын дарга И.Саруул илтгэл хэлэлцүүлсэн юм.  Тэрээр “ХХ зууны эхэн хагасын Монгол Улсын түүх, Монгол, Зөвлөлтийн харилцааны түүх, коминтернээс Монголын талаар явуулсан бодлого, үйл ажиллагаанд холбогдох ОХУ-ын архивын материалыг илрүүлэх, судлах, хуулбарлан авах талаар өнгөрсөн хугацаанд ихээхэн ажил хийсэн байна. Эдгээрийн ихэнх нь ОХУ-ын төрийн архивуудад “нууц” зэрэглэлтэй олон арван жил хадгалагдаж байсан, өнгөрсөн зууны эцсээр буюу 90-ээд оноос нээлттэй болгосон материалууд болно. Энэ ажлын үр дүнд Монголын Үндэсний төв архив болон Гадаад харилцааны төв архивын сан хөмрөг ОХУ-ын төрийн архивуудаас хуулбарлаж авсан баримт бичгээр нэлээдгүй баяжсан. Түүнчлэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны тусгай архивт хадгалагдаж буй БНМАУ-ын иргэдэд холбогдох хавтаст хэргүүдийг судлах талаар өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ажил өрнүүлэхэд Холбооны аюулгүй байдлын албаны тусгай архивын зүгээс дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын тал гүнээ талархаж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд архивын салбар дахь Монгол, Оросын Хамтарсан комиссоос гүйцэтгэсэн ажлыг олон нийтэд сурталчлахад хоёр тал анхаарах нь зүйтэй” гэдгийг цохон тэмдэглэлээ.
 
Харин ОХУ-ын комиссын талаас ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов “ОХУ-ын бүс нутгийн архив болон Монгол Улсын аймгийн архивуудын тасгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг Монголын талаас тавьлаа. Бүс нутгийн хамтын ажиллагаа нь хилийн бүс нутгийн хамтын ажиллагаа гэж ойлгож байна. Хоёр орны архивын удирдах ерөнхий газрууд нь архивуудыг хооронд нь уулзалдуулах гэх мэт үйл ажиллагаа явуулах нь чухал” хэмээсэн юм. Мөн тэрээр “Комиссын дүрэмд хуралдааныг жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулахаар тусгасан бөгөөд 1992 оноос хойш нийтдээ 20 удаагийн хурал болсон байна. Энэ хугацаанд бид архивын салбарт хамтран ажиллах хүрээнд маш олон ажлыг хийж, гүйцэтгэжээ. Басхүү энэ удаагийн хуралдаанаар хамтарсан комиссын цаашдын үйл ажиллагааг идэвхтэй байхаар хэлэлцлээ. Хуралдааныг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын талд талархал илэрхийлье” гэв.
 
Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцааны холбогдолтой түүхийн нэн чухал баримт бичгүүдийг судлах, шилжүүлэн авах боломжтой болсон бөгөөд талууд “Монгол Оросын эдийн засгийн харилцаа. 1955-1985 он” сэдэвт түүхэн баримт бичгийн хамтарсан үзэсгэлэн гаргах, “Монгол-Оросын эдийн засгийн харилцаа. 1955-1985 он”  баримт бичгийн эмхэтгэлийг 2016 онд бэлтгэж дуусгахаар тохиролцов.  Түүнчлэн “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа. 1961-1991 он” баримт  бичгийн  эмхэтгэлийн II ботийг хэвлэж гаргасныг сайшааж, Талууд эмхэтгэлийн III ботийг 2015 оны эцсээр хэвлэхээр тохиролцсон юм.
 
Харин боловсон хүчин бэлтгэх, мэргэжил, арга зүйн удирдлагыг сайжруулах ажлын хүрээнд ОХУ-ын  Бүх Оросын  албан хэрэг хөтлөлт, архив судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалтыг Талууд өндрөөр үнэлж, цаашид тус хүрээлэнг түшиглэн монголын архивчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үргэлжлүүлэхээр тохиролцож, сургалтын асуудлаар хамтын ажиллагааны бусад хэлбэрийг хэлэлцэхээр болсон юм. Мөн орон нутгийн архивууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг талууд хэлж байлаа.
 
Ийнхүү хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан амжилттай болж өнгөрсөн бөгөөд Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын XXII ээлжит хуралдааныг 2016 онд ОХУ-д зохион байгуулахаар боллоо.