sonin.mn
 
Израилийн нисэх хүчин Сирийн хилийн Голаны өндөрлөг дахь босогчдын байрлалд цохилт өглөө хэмээн “Associated Press” агентлаг уламжлав. Зэвсэглэсэн хэсэг террорист израильчуудын эсрэг ашиг­лах зорилгоор дэл­­бэрэх бодис ачаад хил рүү ойртож бай­гааг Израилийн цэргүүд илрүүлсэн тул довтол­гооноос урьдчилан сэр­гийлэхийн тулд агаараас цохилт өгөхөөр шийдсэн хэмээн Тель-Авивын цэргийн яамнаас мэдэгджээ. Агаарын дов­толгоо ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Голаны өндөрлөгт болсон хэрэг явдлын хариуцлагыг Сири дахь бүлгүүд хүлээсэнгүй.
 
Дамаск, Тель-Авивын харилцаа олон жилийн турш хурцадмал, маргаантай явж иржээ. Тэр тусмаа Голаны өндөрлөгийн газар нутгийн маргааны улмаас хоёр тал бие биедээ дайсагнасаар ирсэн юм. Израиль улс 1967 оны Зургаан өдрийн дайны эцэст Голаны өндөр­лөгийг эзлэн авсан билээ. Сирийн эрх баригчид энэ өндөрлөгийг өөрсдийн газар нутаг хэмээн үзэж, даруй буцааж өгөхийг шаардсаар байна.
 
Израилийн арми Сирийн нутаг дэвсгэр рүү үе үе гал нээж довтолсоор байна. 2014 оны арванхоёрдугаар сард Израилийн байл­дааны нисэх онгоцууд Дамаскийн олон улсын нисэх буудлыг пуужин­гаар бөмбөгдсөн юм. Мөн Ад-Димас хотод агаараас цохилт өгчээ. Сирийн Засгийн газар энэ довтолгоог “Түрэмгий гэмт хэрэг” хэмээн үзэж, НҮБ-д хандаж Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан байна.
 
Үүний хажуугаар, өрнөдийн талыг барим­талдаг Сирийн босогчдын “Сирийн чөлөөлөх арми” бүлэг Тель-Авивтай ха­рил­цаагаа сайжруулахыг эр­мэл­зэж саяхан Израиль улс байгуулагдсаны 67 жилийн ойд зориулж мэнд­чилгээ дэвшүүлжээ.
 
2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн “Исламын улс” террорист бүлэг үлэмж газар нутгийг эзлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 2014 оны наймдугаар сард АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагааны эхний найман сард лалын босогчид Ирак дахь 13-17 мянган км кв нутаг дээрх хяналтаа алдсан хэмээн Пентагон мэдээлж байна. Гэвч Сири дахь “Исламын улс” бүлгийн байр суурь огтхон ч сул­раагүй ажээ.
 
Н. Мөнхжин
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин