sonin.mn
 
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ. Энэ хуулийг баталснаар улсын өрийн хэмжээ нэмэгдэх, ирээдүйд өрийн дарамтад орох эрсдэл үүсэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт алдагдахаар байгаа тул хариуцлагатай хандах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүд анхааруулж байсны нэг нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
 
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрчим хүч, төмөр замын салбарын өрийг Засгийн газрын өр биш болгочихоод, дахиад зээл авч өр тавих нь гэсэн хардлага байна. Ийм өөрчлөлт оруулснаар эдийн засагт ямар үр дагавартай юм бэ?
 
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрсон гурван удаагийн өөрчлөлтийг УИХ цагаан сарын битүүний өдрөөс хойш хийлээ.
 
Эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулдаг саналын босгыг өөрчилсөн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу гуравны хоёр хувийн саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалт байсныг өөрчлөөд хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх нь өөрчлөлт оруулах боломжтой болгосон. Тэгэхээр 39 гишүүнтэйгээр УИХ-ын чуулган хуралдвал 20 гишүүн нь санал өгөхөд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өөрчлөгдөөд байхаар болгосон. Уг нь бусад улс орны туршлагыг харахад тухайн улсынхаа эдийн засгийн тогтвортой байдал, төрийн тогтолцоо, хүний нийтлэг эрх чөлөөтэй холбоотой асуудлуудаар дийлэнх олонх буюу супер мажоритарын саналаар шийддэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол манай эдийн засгийн тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг зорих, хөрөнгө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн хууль юм. Үүнийгээ ердийнх болгосон учраас хэн дуртай нь дуртай үедээ өрийн босгыг нэмэх боломжийг бүрдүүлээд өгчихлөө. Тиймээс хувь гишүүнийхээ хувьд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Дараагийнх нь далд аргаар өрийн босгыг нэмэгдүүлсэнд оршиж байна. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газар төсвөөс гадуур олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсны шалтгаан нь төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалт.Үүнээс зайлсхийхийн тулд төсвөөс гадуур Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэтэл бодит байдал дээр ДНБ-д эзлэх төсвийн алдагдал 10 хувьтай байгаад байсан. Энэ нь өөрөө манай өнөөгийн эдийн засгийн хямралын эх үүсвэр болсон. Яг үүнтэй адил зүйлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийгээд эхэллээ. МАН Засгийн газарт өрийн босгыг нэмэхгүй гэсэн нөхцөлтэй хамтарсан учир өрийн босгыг цаасан дээр ДНБ-ий 58.3 хувь гэж хэвээр харагдуулж байгаа боловч өрд хамрагдах хүрээг нь багасгаад эхэлсэн. Эхлээд улсын үйлдвэр, төрийн өмчит газруудын өрийг улсын өрд тооцохгүй гэсэн бол одоо төмөр зам, эрчим хүчний салбарт гаргасан Засгийн газрын баталгааг улсын өрөнд тооцохгүй гэдэг өөрчлөлт оруулах гэж улайран зүтгэж байна даа, энэ Засгийн газар.
 
-Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй гэж тохирч хамтарчихаад яагаад ийм тойруу аргаар нэмэх гээд байна вэ гэсэн шүүмжлэл бас бий. Үнэхээр төмөр зам, эрчим хүчний салбарыг дэмжих гурав дахь өөрчлөлтийг оруулж ирсэн нь улсын өрийг нэмэх сөрөг зүйл мөн үү?
 
-Одоогийн хэлэлцэж буй өөрчлөлт буюу гурав дахь нь төмөр зам, эрчим хүчний салбарт гаргах Засгийн газрын баталгааг өрөнд тооцохгүй гэж байгаа. Засгийн газрын санхүүгийн олон улсын стандарт гэж бий. Тэр стандартаар бол Засгийн газрын бүх баталгаа бүгдээрээ зээл гэж ангилагддаг, улсын өрөнд орж тооцогддог. Эмнэлэг, сургууль, төмөр зам, эрчим хүчний станц барихад зориулж гаргасан Засгийн газрын баталгаа бүгд адилхан өрөнд тооцох аргачлалаар мөрдөгддөг гэсэн үг.  Тэгэхээр өөрөө өөрсдийгөө хуурах шаардлагагүй шүү дээ. Монгол Улс өрийн хэмжээгээрээ эрсдэлтэй гэсэн ангилалд саяхан орсон. Эрсдэлтэй хэмжээнд хүрсэн учир бид өр, зээлийг шүтэх биш, харин хөрөнгө оруулалтыг дэмжих нь зүйтэй гэсэн зарчмаар хандаж байгаа.
 
-Хэрэв өрийн босго 58.3 хувиас хэтэрвэл АН, МАН-ын хоорондын зөвшилцлийн гэрээ зөрчигдөх болно. Тиймээс дотор нь ингэж өөрчлөлт хийж МАН-ыг засагт байлгахыг илүүд үзсэн юм биш үү?
 
-Монголын өр өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бодит байдалд одоо цалин, тэтгэврийг ч зээлээр тавьж байгаа.  Мөнгөгүй гэх мөртлөө мөнгийг төвлөрүүлэх биш талаар нэг тараах бодлогыг энэ Засгийн газар баримталж байна. Буруу яваад байна, засах, санаа авах үг хэлэхээр энэ сайд, дарга нар нь сонсохгүй юм. Худал хуурмагаар хамтраад ч яах билээ.
 
-Эдийн засгийн хүнрэлээс гарахын тулд хамтарсан биз дээ?
 
-Эдийн засгийн хямралд хүргэсэн бодлогын алдаануудаа эхлээд засах хэрэгтэй гэдгийг олон удаа хэлж байгаа. Гишүүдийн чуулган дээр олддог таван минутад бүхэл бүтэн бодлогын асуудлыг олон талаас нь ярих боломжгүй байдаг. Би УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа болон бусад гишүүдийн хамт УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өрөөнд нь орж бодлогын ямар, ямар алдаануудыг яаж засах талаар цаг гаруй хугацаанд ярьсан. Харамсалтай нь түүнийг хүлээж аваагүй.
 
-Тухайлбал бодлогын ямар алдааг, яаж засна гэж?
 
-Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаануудын нэг болох төсвийн бодлогын алдааг хэрхэн засах тухай ярьж эхэлсэн. 2-3 жилийн турш өндөр алдагдалтай төсвийн алдагдалтай явах нь эдийн засгийг унагах тул орлогоо зөв тооцох, зардлаа бууруулах талаар тодорхой санал хэлсэн.  Эдийн засгийн өсөлтөө хэт өндөр тавьж тооцоолсон нь цаасан дээрх төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг бага харагдуулж, өөрсдийгөө хуурах алхам болох гэж буйг анхааруулсан. Бас дотоодын зах зээлээс авдаг зээлийн хэмжээг бууруулах зайлшгүй шаардлагатайг, мөн төсвийн бодлого мөнгөний бодлого, валютын ханшны бодлоготойгоо хэрхэн уялдах талаар ярьсан юм. Зөндөө л юм ярьсан.
 
-Хүндрэлээс гарах өөр нэг гарц нь том төслүүдээ хөдөлгөх. Үүний тулд хоёр нам хамтарсан шүү дээ?
 
-Хамтарна уу, тусдаа хийнэ үү тэр нь чухал биш. Улс орноо гэсэн гишүүд олон. Өшөө хорсол, атаа жөтөөнөөсөө салдаггүй цөөхөн хэдэн хүн бий нь бий.
 
-Тавантолгойн төслийг  дэмжих үү?
 
-Дэмжинэ. Миний амнаас хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын эсрэг үг гарч байгаагүй.
 
-УИХ-ын дарга Тавантолгойн гэрээнд 60 жилийн дараа Монгол Улс болон хөрөнгө оруулагч хэдий хэмжээний ашиг хүртэхийг олж харсангүй хэмээн жиргэсэн байсан. Үүнийг та бодож үзэв үү. Тавантолгойг сайн мэддэг хүмүүсийн нэг нь та шүү дээ?
 
-60 жилийн тооцоо хийчихдэг бас л мундаг хүмүүс байдаг юм байна гэж бодлоо.
 
-Тооцоог 40, 50 жилээр хийх боломжгүй гэж үү?
 
-Бололгүй яах вэ.Тодорхой зорилго тавьчихаад Тавантолгойн төслийг явуулахгүй гэж, тархи угаах гэж тооцоог 60 жилээр хийгээд байгаа бол тун тоогүй. Өнгөрсөн хугацаанд энэ УИХ 60 битгий хэл нэг жилийн дараах байдлыг харсан шийдвэр гаргаж чадахгүй байгаа биз дээ. Үнэхээр 60 жилийн тооцоог хардаг байсан бол яагаад төсөв дээрээ нэг жилийн дараах байдлыг бодитоор харчихаж болоогүй байсан юм бэ.  2013, 2014 оны төсвийн орлого хоёр жил дараалаад тус бүр нэг их наяд төгрөгөөр тасарсан биз дээ.  Валютын ханш дээр бол юун нэг жил зургаан сарын дараахыг ч харж чадаагүй санагдана. Эдийн засгийн өсөлт, үнийн өсөлт дээр бол бүр ч байхгүй.
 
Д. Гэрэлцэцэг
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин