sonin.mn
 
 
Австрали тивийн ноён оргилд гарахаар тус тивийг зорьсон гавьяат тамирчин Г.Өсөхбаяр авиралтаа амжилттай хийж төлөвлөсөн долоон оргилынхоо тав дахь оргилдоо төрийн далбааг мандуулаад эх орондоо ирлээ.
Тэрбээр энэ сарын 16-нд Австрали тивийг зорьж, 19-нд энэ тивийн хамгийн өндөр оргил болох Костюшко уулын оргилд гарсан байна. “Seven summit” буюу дэлхийн долоон ноён оргилыг эзлэх зорилтын хүрээнд түүнд одоо хоёр оргил үлдлээ. Костюшко уул нь далайн төвшнөөс дээш 2228 метрийн өндөрт байрладаг гэдгээрээ бусад тивийн өндөр уулстай харьцуулахад намхан юм. Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын хамт Австралийн Сидней хотод ажиллаж, амьдарч байгаа залуусын төлөөлөл хамтдаа авирчээ. Г.Өсөхбаярын хувьд Антарктик тивийн Винсон Массиф, Өмнөд Америкийн Аконкагуагийн оргилд гарах хоёр авиралт үлдээд байна.
 
Дашрамд сонирхуулахад, Эверестийн ноён оргил /Өндөр 8850 м/-ыг 2005.05.30-нд болон 2007.05.14-ний өдөр тус тус эзлэсэн Монгол Улсын цорын ганц иргэн юм. Хойд Америкийн ноён оргил болох Маккенлигийн оргилд /Өндөр 6195 м / 2008.07.08-ны өдөр гарсан бол Африк тивийн ноён оргил Килиманжарод /Өндөр 5895 м/. 2009.02.22-нд гарч төрийн далбаагаа мандуулсан. Харин Европ тивийн ноён оргил Эльбрусийн оргилд /Өндөр 5642 м/ 2009.05.21-нд гарсан билээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг