sonin.mn
 
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “цөмийн зэвсгийг устгах нь НҮБ-ын эн тэргүүний зорилт юм” гэж мэдэгдээд, уулзалт үргэлжлэх хугацаанд улс орнуудыг идэвхтэй ажиллаж, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг /ЦЗҮДГ/ хэрэгжүүлэхэд үр дүн гаргахыг уриалсан байна.
Нэг сар үргэлжлэх ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг дүгнэх бага хуралд оролцогчдод илгээсэн захидалдаа НҮБ Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ингэж мэдэгджээ. Уг илгээлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон уншиж танилцуулсан байна. ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг дүгнэх бага хурал энэ сарын 27-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 22-нд дуусах ажээ.
 
“Цөмийн зэвсгийг устгах нь НҮБ-ын эн тэргүүний зорилт юм. Үүнээс өөр ямар ч зэвсэг манай дэлхийд гэнэтийн сүйрэл учруулах боломжгүй” гэж Бан Ги Мүн илгээлтдээ дурджээ.
 
Мөн тэрбээр, ЦЗҮДГ бол зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийн тулгын чулуу бөгөөд цөмийн зэвсэггүй дэлхий бий болгох чухал үндэс юм гэдгийг мөн дурдсан байна.
 
ЦЗҮДГ нь 1970 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Гэрээний хэрэгжилтийг хянах бага хурал таван жилд нэг удаа болдог ажээ. Бага хурлын үеэр талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэн, цаашид гэрээг бэхжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо тусгасан тунхаг бичиг гаргах  зөвшилцөлд хүрэх эрмэлзэлтэй байдаг байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг