sonin.mn
 
 Манай орны тал хээр нутагт голчлон гардаг түймэр энэ жилийн хувьд хаа сайгүй гарч эхэлсэн нь хур тунадас бага, хуурайшилт их байгаатай холбоотой юм. ОБЕГ-аас гаргасан мэдээллээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг Богд Хан-Уулын Нүхтийн аманд энэ сарын 25-ны өдөр гарч эхэлсэн түймрийг өчигдөр 17:28 цагт унтраасан байна.
Түймрийг унтраахын тулд нийслэлийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргааны 13 албан хаагч ажиллажээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газарт ОХУ-аас орж ирсэн түймэр одоо хэр нь бүрэн унтраагүй байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр галын дуудлага анх ирсэн бөгөөд түймэр Хэнтийн Дадал, Норовлин, сумыг дамнан тэлж, Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурамнаас алдагдсан байна. Одоогийн байдлаар тус сумын Онон багийн “Баруун, зүүн Хавчуу”, “Бэрхийн-Ам”, “Улаан-Өндрийн” даваанд тархан асч байгаа түймрийг унтраахаар нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын “Дархинт” гэдэг газарт тархан шатсан түймэр цурмаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг унтраахаар нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байгаа ажээ.
 
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Увс аймгийн Сагил, Өндөрхангай сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Архангай аймгийн Цэнхэр сум, Сэлэнгэ аймгийн Орхон суманд түймэр гарчээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг