sonin.mn
 
 Бид дэлхийг орхих арга зам олохгүй бол ирэх 1000 жилд хүн төрөлхтөн устана гэж онолын физикч Стивен Хокинг мэдэгдсэн байна.
“Бид хүн төрөлхтний ирээдүйн төлөө сансар огторгуйг судлах ёстой. Бидний амьдарч буй энэ эмзэг гарагаас хүмүүс гарахгүй бол бид энэ дэлхийд дахиад 1000 жил амьдарч чадахгүй гэж би бодож байна” гэж Стивен Хокинг Сиднейн дуурийн театрт цугласан үзэгчдэд хэлжээ.
 
Тэрбээр Их Британийн Кембрижийн их сургууль дахь албан тасалгаандаа дүрс бичлэг хийлгэж, уг дүрс бичлэгээ боловсруулахаар Сан-Хосе руу илгээж, дараа нь түүний дүрс бичлэгийг дэлгэцнээ гаргахаар Австрали руу илгээсэн байна.
 
“Тэрбээр хүн төрөлхтний ирээдүйд санаа зовж байна. Та бүхэн мэдэж байгаачлан хүн төрөлхтөн төрөлхийн догшин түрэмгий гэж би боддог” гэж Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн цуврал лекцийн захирал, профессор Жон Уэбб хэлсэн нь Стивен Хокингийн яриаг илүү бодитой болгосон юм.
 
Хоол хүнс болон хамтрагчаа олох боломжийг олох гэсэн хүн төрөлхтний эртний түүхэн дэх зарим тохиолдолд хэрэгтэй байж болох догшин, түрэмгий зан бидэнд өнөөдөр ч байсаар байгаа нь биднийг мөхөлд хүргэж болох зүйл юм гэж Хокинг боддог байна.
 
Бид юу хийж байгаагаа илүү сайн хянаж, ухаарах цаг хугацааг бидэнд Хокинг өгч байна гэж би бодож байна гэж профессор Жон Уэбб хэлжээ.
 
Өдгөө 73 настай, хөдөлгөөний мэдрэлийн эсийн өвчтэй Стивен Хокинг амралтын өдрүүдээр Сидней хотын дуурийн театрт цугласан олонд хандан орчлон ертөнцийн мөн чанар, хар нүхний тухай шинэ нээлтүүд болон шинжлэх ухааны бусад асуудлыг хөндсөн өргөн сэдвээр илтгэл тавьсны зэрэгцээ амьдралын талаар халуун яриа өрнүүлсэн байна.
 
"Энэ эрэл хайгуулын талаарх миний санал бодол болон урам зоригоо би хуваалцахыг хүсэж байна. Тиймээс санаж яв доошоо хөлөө ширтэлгүй дээшээ оддыг харж байг гэж тэрбээр хэлжээ. Юу харж байгаа болон орчлон ертөнц юун дээр оршин тогтнож байгааг ойлгохыг хичээ. Сониуч бай. Амьдрал хэчнээн хүнд байсан ч чамд хийж чадах, амжилтад хүрэх зүйл байж л байгаа" гэж хэлсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг