sonin.mn
 
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн ХЭҮК-ын шалгалтын дүнг хэлэлцлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж энэ удаагийн шалгалтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийсэн гэдгийг онцолсон юм. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэлэлцэхэд УЕПГ болоод ШШГЕГ-ын холбогдох хүмүүстэй санал нийлэхгүй олон асуудал гарсан гэж тэрбээр хэлсэн. Тиймээс Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гаргаж дахин шалгалт хийх хүсэлт гаргаж байгаагаа дуулгаад шалгалтыг хийхдээ нэг талыг бариагүй гэдгээ тодруулан хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, С.Бямбацогт нар 461 дүгээр хорих ангид хоригдож буй 445 хүмүүсийн дунд судалгаа явуулж, та бүхний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгсөн үү гэсэн асуулт асуухад 47 хувь нь үгүй гэж хариулсан байна. 39 хувь нь хариулаагүй, 13 хувь нь тийм гэж хариулсан байна гээд энэ нь сэжигтэн яллагдагчдад хандаж буй хандлагыг харуулж буй хэрэг гэж ойлгож болох уу гэж лавлаж байлаа. Түүнчлэн хоёр сэжигтнийг цагдан хорих хугацааг 17, 21 хоногоор хэтрүүлсэн хэмээн шалгалтын дүнд дурдагдсан асуудлыг тодруулж байлаа. УЕПГ-ын Ял эдлүүлэх хэлтсийн дарга Ц.Мөнхбат, сэжигтэн, яллагдагчдыг прокурорт танилцуулаагүй, түүний гарын үсэггүйгээр хорьсон тохиолдол байхгүй. Шалгалтын дүнтэй холбоотой яригдаж буй хоёр хүний тухайд тоо бүртгэл дээр орхигдсон байсан тал бий. Түүнээс үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлэн хорьсон тохиолдол байхгүй гэж хариулсан.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Д.Дамдинцэрэн, прокурорын шийдвэр, шүүгчийн захирамжгүйгээр хүнийг үндэслэлгүй хорих ямар ч боломж байхгүй гээд тоо бүртгэл дээр 5 хүн ажиллах ёстой ч дээрх шалгалтыг хийх үеэр хоёр хүн ажиллаж, хүн хүч хүрэлцэхгүй байснаас цагдан хорих тухай захирамжийг хоригдож буй хүний хэргийн материалд хавсаргаагүй байсан зүйл байсан гэж хэлсэн. Гишүүд хуралдааны үеэр хоригдож буй хүний таслан шийдвэрлэх хугацааг сунгасан тухай шийдвэрийг танилцуулдаг эсэх, тэнд хоригдож буй хүмүүсээс гадна тус хорих ангид ажиллаж буй хүмүүсийн сэтгэл зүйн болон нийгмийн асуудалд хэрхэн анхаарч буй талаар тодруулж байлаа. Хууль зүйн байнгын хорооны гишүүд өнгөрсөн долоо хоногт 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тэрхүү танилцсан дүн болоод Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулсан Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх хуралдаанаар хэлэлцэн Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ.
 
Б. Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг