sonin.mn
 
 
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр үдээс хойшхи 16:15 цагт Төрийн ордонд гэнэтийн мэдэгдэл хийлээ.
Өнөөдөр тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Тавантолгойн ордын ашиглалтын асуудлаар намын байр суурийг илэрхийлсэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзжээ. Учир нь Тавантолгойн ордыг илрүүлэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон тул төр 51 хувийг эзэмших ёстой гэж үзсэн байна. Энэ талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ярихдаа “Энэ төслийн 51 хувь нь төрийн өмчид байх ёстой. Бид тус шийдвэрийг гаргахдаа 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг харгалзаж үзсэн. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын эзэмшлийн 51 хувь нь Монгол Улсын өмчлөлд байна гэж мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Мөн АН 2012 оны сонгуульд оролцохдоо “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшинэ” гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр заалтуудыг үндэслэж ийм шийдвэрийг гаргалаа. Хоёрдугаарт, Тавантолгойн ордыг нь цааш нь явуулъя. Явуулахдаа 51 хувь нь төрийн өмч байхаар, 49 хувьд нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байна гэдэг шийдвэрийг гаргасан” гэлээ. Энэ асуудлаар олон нийтэд мэдэгдэл гаргах бөгөөд тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг АН-ын гишүүдэд үүрэг болгожээ. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
 
-Намын гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь хэр оновчтой шийдэл вэ?
 
-Нэгдүгээрт одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор стратегийн орд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт парламент улс төрийн намын бүлгүүдээс бүрддэг. Тиймээс манай нам олонх бүрдүүлж байгаагийн хувьд ямар байр суурьтай байгаагаа УИХ-ын намын бүлэгтээ илэрхийлж байгаа юм.
 
-Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд хэр олон байгаа вэ?
 
-УИХ, Засгийн газрын гишүүн олон байгаа, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд дунд аймгийн Засаг дарга нар бас бий.
 
-УИХ-ын зарим гишүүд “Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, Монголын эрх ашигт нийцэхгүй гэж мэдэгдээд байгаа?
 
-Гэрээ бол явах ёстой. Гэрээний талаар хэн ч дуугарахгүй, автоматаар санал явахгүй нь ойлгомжтой. 2-3 гэрээний өөрчлөлтөөр Монголын талд сайжирсан хувилбар орж ирж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлыг хэрүүл гэж харахаас илүүтэй Монголдоо илүү ашигтай явуулъя гэдэг байр суурьтай байна.
 
-Төр Тавантолгойн ордод 51 хувь эзэмшсэн нөхцөлд тэр хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болох юм биш үү. Энэ асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр юу гэж ярьсан бэ?
 
-УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолд Тавантолгойн орд газрыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулж идэвхжүүл. Ингэхдээ гол зарчим нь Монголын талаас хөрөнгө орохгүйгээр асуудлыг шийдвэрлэх зарчим баримталсан. Энэ зарчимаа барьж гэрээг хийх ёстой.
 
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс бусад заалт дээр АН-ын гишүүдийн байр суурь нэг гэсэн үг үү?
 
-Бусад асуудлаар УИХ-аар хэлэлцэх үед намуудаас ажлын хэсэг гарч заалт бүрээр ярилцах ёстой гэж үзсэн.
 
-Манай тал 51 хувь эзэмшинэ гэхээр консерциум хүлээн зөвшөөрөх үү?
 
-УИХ-ын тогтоол нь 51 хувь байх ёстой гэж заасан байдаг.
 
-Өмнө нь Эрдэнэс Тавантолгой компани Тавантолгойн 51 хувийг эзэмших асуудал яригдаж байхад дэмжээгүй хэрнээ одоо болохоор энэ асуудлыг тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?
 
-Манай нам дэмжээгүй биш, УИХ-д асуудал орж ирээгүй. Орж ирсэн бол дэмжих хувилбар байжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.
 
-Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжихгүй бол яах вэ. Бүлгийн байр суурь хүчинтэй юу, Гүйцэтгэх зөвлөлийн байр суурт хүчинтэй юу?
 
-Намын байр суурь ийм байна гэдгээ л хэлье.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг