sonin.mn

Монголын Залуучуудын Холбооны салбар Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Дорнодын Манлайлагч-100 залуусын уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд улс төр, төрийн бус байгууллага, бизнес, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний болон соёл урлаг, спортын салбарт амжилттай ажиллаж буй Дорнод нутгийн 100 гаруй залуус оролцож, нэгэн үдшийг дуу хууртай, дурсамж яриа, санал санаачилга дүүрэн өнгөрүүллээ.

Хүрэлцэн ирсэн залуус дунд урлаг, спортын салбарт нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа олон залуус ирсний дотор Элькондор хамтлагийн дуучин П.Хэрлэн, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч А.Болорхүү, Нюанс хамтлагийн дуучин М.Амарсанаа, Ёодол дуугаар олны танил болсон залуу дуучин П.Баярцэнгэл болон ДЦС4 ТӨХК-ий дэргэдэх “Эрчим” хамтлаг, залуу дуучин Б.Энхзаяа нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн “Улстөрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Э.Жавхлан “Нийгмийн идэвхи ба манлайлал” сэдвээр илтгэл тавьсан нь залуусын талархлыг хүлээсэн юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс Дорнодын залуусаа нэгэн зорилгод хөтлөх уриатай болъё гэсэн санал тавьсны дагуу оролцогчид хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс “Бидний нэгдэл-Шинэ Дорнод!” гэсэн уриаг сонгов.

Нийслэл хот дахь Залуучуудын холбооныхон энэхүү арга хэмжээг аливаа улс төр, нам хүчний ашиг сонирхлоос ангид, зөвхөн нутгийн залуусаа хооронд нь танилцаж, нөхөрлөх боломж олгохоор зорьж зохион байгуулсан. Тийм ч учраас хэн нэгэн улс төрч, сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй хүмүүсийг зориуд уриагүй гэж байлаа. Цаашид энэ уулзалтад нэгдсэн залуус олон нийтийн сүлжээгээр групп үүсгэн холбоо харилцаагаа бататгаж, нутгийнхаа ирээдүйн төлөө санаа бодлоо хуваалцаж байхаар болжээ.