sonin.mn

Эрүүл мэндийн байгууллагууд элгээрээ мөлхөж эхэлжээ. Үүнийг төр, засаг нь ч, салбарынхан, иргэд ч хүлээн зөвшөөрч эхэлсэн. Яагаад ийм нөхцөл байдалд хүртлээ дордов. Энэ талаар доктор Ц.Мухартай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар яагаад ингэтлээ доройтчихов. Бодлого нь буруу яваад байна уу, төсөв хөрөнгөдөө байна уу. Та хэрхэн харж байна вэ?

-Монголын нийгэмд “Эмнэлэг” гэдэг байгууллага хүн болгоны амьдралд хамгийн ойр мэт боловч бас хамгаас хол, эмзэг халуун цэг болоод байна. Бод л доо. Нэг жилд таван хүний нэг нь эмнэлгийн хаалга татаж, зуун хүн тутмын хоёр нь өвчнөөр амиа алдаж байна. Нийгэм эмзэглэлтэй байхад, хүн эмгэгтэй байдаг нь жам. Манай эрүүлийг хамгаалахад нэгдүгээрт, эрүүл мэндийн зохистой бодлого алдагдаж байна. Хоёрдугаарт, эрүүл мэнд гэдгийг эмнэлэг, эмч, эм гэсэн хэвшмэл сэтгэлгээ сөрөг үр дагавар учруулж байна. Гуравдугаарт, эмнэлгийн менежмент үгүй болжээ. Менежментийн ухаанаар эмнэлэг бол эмчилдэг, судалдаг, сургадаг, эрүүл мэндийг хамгаалдаг дөрвөн үүрэг, зорилт бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Өнөөдөр төрийн ч, хувийн ч эмнэлгүүд эмч нар эмчилдэг гэсэн ганцхан үүрэгтэй юм шиг мэдэн будилж явна. Үнэндээ бол өвдсөн хойно нь айдаг биш өвдөхөөс нь өмнө гүйдэг ухааны оньсыг олох хэрэгтэй. Эртний Хятадад өвчтэй хүмүүс цөөрөхөд эмчийг шагнадаг, олшроход банзаддаг ухаалаг шийдэл байжээ.

-Засгийн газар солигдонгуут мэргэжлийн бус нэг сайд томилдог. Тэр нь “бүтцийн өөрчлөлт” нэрийдлээр баахан бужигнуулдаг. Үүнээс болж энэ салбар ганхаж эхэлсэнтэй та санал нийлэх үү?

-Засгийн газар сүүлийн таван жилд дөрвөн удаа солигдлоо. Нэг улс төрийн хүчний сайд гарч ирэнгүүтээ бодлогын болоод бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр баахан бужигнуулдаг. Нэг сайдын бүтээж буй болгосныг нөгөө нь нурааж эвддэг “Хүүхдийн тоглоом” аятай энэ тогтолцоог би ойлгодоггүй. Сайд нарын гольф тоглодог талбай эмнэлэг биш баймаар.

-Ер нь эрүүлийг хамгаалах тогтолцоонд засч, залруулмаар тулгамдсан асуудал юу байна вэ?

-Эрүүл мэнд бол өргөн цар хүрээний томьёолол. Эрүүл мэндийг байгаль, экологи, хүрээлэн байгаа орчноос ангид авч үзэж болохгүй. Эрүүл мэнд бол ямагт улс төрийн асуудал байдаг. Улс төр бол хүн. Улс төрийн нам бол хүмүүс. Эрүүл мэнд бол хүний тухай ухаан. Хаана ч гэсэн хүний амь хамгийн үнэтэй капитал. Үүнд улс төрийн дүгнэлт хийж, нийгмийн бодлогын эрс өөрчлөлт хийхийг монголчуудын эрх ашиг шаардаж байна. Манайх шиг буурай, жижиг оронд эрүүл мэнд, нийгэм хамгаалал, байгаль орчны асуудлыг зангидсан Эрүүл мэндийн яам байх боломж бий. Хүний эрүүл мэндийг нийгмийн дэвшлээс хөндий авч үздэггүй. Эцэггүй, угжны сүүгүй, өлгийгүй хүүхэд, хоргодох оронгүй, аяга цай, халбага шөлгүй хөгшдөд хэчнээн олон эмнэлэг, эмч, эм байгаад тус болох уу.

-Хэн ч гэсэн өвчин тусвал эмнэлэг бараадаж, эрүүл болохыг хүснэ. Энэ нь буруу гэж үү?

-Тийм ээ, манайх өвтгөхгүй байх шинжлэх ухааны арга ухаан хомсдож, өвдсөн хойно нь олноор нь хэвтүүлдэг хуарангийн аргаар яваад байна. Бид Америк, Япон, Европынхны эрүүлийг хамгаалахын менежментийг өнөөдөр очиж үзээд маргааш нь ягштал нь хуулбарлах гэж зүтгэх юм. Тэнгэрийн лууг, могойн зулзагатай адилтгаж болох уу даа. Менежментийг бид хилийн чинадаас зөөвөрлөхгүй Монголын хөрсөн дээр монгол ухаанаар буулгах ёстой юм.

-Монголын эмч нар мэдлэг чадвараараа гадныхнаас дутахгүй ч техник технологийн хувьд хоцрогдсон гэх юм. Тиймдээ ч бэл бэнчинтэй эрхмүүд гадаад руу явж эмчлүүлэх болж. Үүнийг буруутгах аргагүй ч эрүүл мэндийн салбар ямар байгааг эндээс харж болохоор ч юм шиг?

-Энэ бол Монголын эрүүлийг хамгаалахын нэр хүнд унаж, хүмүүсийн итгэл алдарч байгаа яахын аргагүй эмзэг сэдэв. Улс орон болгон анагаах ухааны өвөрмөц дэг сургуультай, бас нууцтай. Зах зээлийн үед эрүүл мэндийг бизнес гэж үздэг. Бизнесийн утга нь нууцдаа байдаг. Ямар ч улс орон гадаадын эмч нарыг дотоодынхоо эмчлэх, оношлох арга ухаанд сургах дургүй байдгийн учир энд бий. Монголын эрүүлийг хамгаалахын нэртэй эрдэмтдийн бий болгож, гарын шавиараа дамжуулан уламжлуулсан дэг, эмчилгээний арга, нууцлал заавал байх ёстой. Монгол хүнийг монгол эмч нар л сайн эмчилнэ. Хүний эрүүл мэндийг нийгэм, орчин ахуйгаас нь салгаж болохгүй.

-Улсын гэхээсээ хувийн эмнэлгүүд зах зээлийн өнөө үед өнгө зүс орж, хөл дээрээ босоод байх шиг. Тиймдээ ч улсын томоохон эмнэлгүүдийг хувьчилбал босоод, сэргээд ирнэ гэсэн санаа зарим нэг хүнээс цухалзах болж. Энэ зөв зүйтэй юү?

-Төлбөргүй бол улсынх, төлбөр тэй бол хувийн гэж хуваагаад яах вэ. “Нэг эмнэлэг, хоёр үйлчилгээ” төслийн талаар би судалж, бичиж байсан. Өөрөөр хэлбэл, төлбөртэй төлбөргүй үйлчилгээний холимог хувилбар юм. Олонхи оронд хувийн хэвшлийн эмнэлэг түлхүү хөгжсөн байдаг. Монгол дахь хувийн эмнэлгүүд зайлшгүй хөгжих ёстой. Төрийн мэдлийн эмнэлгийг яаралтай хувьчилж эмч, эмнэлгийн ажилчдын цалинг хоёр гурав дахин өсгөж байж, эрүүл мэндийн байгууллагаа шинэчилнэ. Орчин үеийн эмнэлгийн мөн чанарыг өндөр төвшний бэлтгэсэн боловсон хүчин /эмч-сувилагч-биоинженер/ шинэ техник технологи, одтой зочид буудлын хэмжээний тохилог байр, соёлч үйлчилгээ гэж төсөөлж болно. Монголд орчин үеийн ийм эмнэлэг байхгүй. Эмч, сувилагч, биоинженерийг гадаадад олон жилээр сургаж, мэргэжлийн “алтан фонд”-той болох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, эмнэлэг үйлчилгээний зардлын 80-85 хувийг төрөөс гаргаж чаддаг болсон цагт бидний нүдний солио арилна. Бид хэвшмэл загвараа эвдэх цаг болсон. Хувийн эмнэлгийн эмч нар өдөрт 10-12 цаг ажилладаг байхад улсынх үнэндээ зургаан цаг л байдаг шүү дээ.

У.МИЧИД

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин