sonin.mn
КАИР. /ITAR-TASS/. Тусламж үзүүлэхийн тулд Йеменд өгч буй цохилтоо “Арабын улсуудын эвсэл” зогсоох боломжийг судалж байна гэж Саудын Аравийн Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр даваа гарагт мэдэгдсэн тухай телевизийн “Al Arabia” суваг уламжилж байна.
 
“Бөмбөгдөлтөө зогсоосны дараа бид тодорхой бүс нутгуудад тусламж үзүүлэх боломжийг судалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Эр-Риядын эрх баригчид “хүмүүнлэгийн хүчин чармайлтыг зохицуулах нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөж байгааг аль-Жубейр мэдээлжээ. Үүний сацуу тэрбээр түр эвлэрэх аливаа гэрээг өөрийн зорилгодоо ашиглахгүй байхыг шиит босогчдод /"Ансар Аллах" хөдөлгөөнийг дэмжигч хуситууд/ анхааруулсан байна.
 
Йемений эрх баригчид болон хуситууд хоорондын сөргөлдөөн 2014 оны наймдугаар сард хурцадсан билээ. Энэ оны нэгдүгээр сард босогчид тус улсын нийслэл Сана хотыг хяналтдаа бүрэн оруулсан бөгөөд Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади болон Халед Махфуз Бахах тэргүүтэй Засгийн газар шиитүүдийн шахалтаар огцорсон юм. Йемений төрийн тэргүүн Аден хот руу  зугтан гарахаас аргагүйд хүрсэн бөгөөд тэрбээр гуравдугаар сарын 25-нд хуситууд тус хотод орсны дараа  улс орноо орхин гарчээ. Ингэхдээ тэрбээр улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг Персийн булангийн орнуудын хаадад хандан уриалсан байна.
 
Саудын Арави бүс нутгийн холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр хуситуудын эсрэг “Шийдэмгий довтолгоо” ажиллагааг гуравдугаар сарын 26-нд явуулж эхэлсэн билээ. Уг ажиллагааг дуусгасны дараа "Арабын улсуудын  эвсэл" “Итгэл найдварыг сэргээх нь” гэдэг өөр ажиллагаа явуулж эхэлсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж : "Монцамэ"