sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Америкийн Техас муж улсын Гарленд хотод зохион байгуулсан арга хэмжээний үеэр болсон буудалцааны хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээсэн тухай Франс-Пресс агентлаг мэдээлж байна.
 
Гарленд хотод болсон арга хэмжээний үеэр зөнч Мухаммедын шог зургуудыг үзүүлж байжээ. Зөнч Мухаммедын шог зургийн үзэсгэлэнг гаргасан төвийн дэргэдэх машины зогсоолд хоёр хүн гал нээж, хамгаалалтын нэг ажилтныг шархдуулжээ. Энэ хэрэг ням гарагийн орой орон нутгийн цагаар арга хэмжээ дуусах үед гарсан байна. Үзэсгэлэнд оролцож байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
 
Гал нээсэн хүмүүс хэн болох талаар хараахан мэдээлээгүй байгаа боловч “Лалын улс”-ын босогчид дээрх хэрэгт холбоотой болохоо мэдэгдсэн тухай хэт давруу үзэлтнүүдийн интернэт дэх үйл ажиллагааг хянадаг “SITE” байгууллагын мэдээллийг иш татан Франс-Пресс агентлаг уламжилж байна. Тус байгууллагын мэдээлснээр, “Лалын улс”-ыг дэмжигчид болох хоёр хүн гал нээсэн гэж хэт давруу үзэлтнүүдийн нэг нь “Twitter” сүлжээгээр мэдээлжээ.
 
Хотын Цагдаагийн газрын төлөөлөгч Жо Харны мэдээлснээр, уг арга хэмжээнд 200 орчим хүн оролцсон байна. Гал нээсэн хүмүүсийн автомашинд тэсрэх төхөөрөг байсан эсэхийг хууль сахиулах байгууллагууд шалгаж байгаа аж.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"