sonin.mn

Аугаа  их эх орны дайны  ялалтын  70-н жилийн ойг угтан  2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр БНХАУ-ын Хэбэй мужийн  Жанчхүү хотноо орших  Зөвлөлт, Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа  боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд   БНХАУ-д суугаа ОХУ, Монгол болон  Азербайжан, Казахстан, Тажикистан, Киргиз, Армен зэрэг ТУХН-ийн   орнуудын  элчин  сайдууд  болон албаны  төлөөлөгчид,  Жанчхүү хот болон Жанбэй сумын Ардын ЗГ-ын  удирдлага,  Бээжин хот дах ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын дэд дарга  зэрэг төлөөлөгчид  оролцон  дайнд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн,  цэцэг өргөн үг хэллээ.


Монгол Улсаас  БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин  сайд Ц. Сүхбаатар  ёслолын  ажиллагаанд хэлсэн үгэндээ "Бид энэ дайнд фашизм милитаризмын  хүчний эсрэг  мөр зэрэгцэн тулалдаж,  Дэлхийн Хоёрдугаар дайн ялахад, даян  дэлхийд энхтайван шударга ёсыг тогтооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.  Монголын  ард түмэн  Зөвлөлтийн Улаан армид сэтгэл санаа болон эд материалын тусламж  үзүүлэн  “Хувьсгалт монгол” танкийн цуваа, болон “Монголын ард түмэн” авиацын эскадрил зэвсэглэх хэмжээний мөнгөн тусламж, 485 мянган морь,  8  цуваа вагон  эд материал бэлэг болгон өгсөн байдаг. Бид дайны ялалтанд оруулсан хувь нэмрээрээ бахархдаг юм. Зөвлөлтийн Улаан арми Ази тивд Энхтайвныг эргүүлэн авчрах,  Хятадын ард түмний Японыг түрэмгийлэгчдийг эсэргүүцэх дайнд  туслах зорилгоор 1945 оны 8 дугаар сард  давшилтанд ороход Монголын Арми морьт цэрэг, танк, мото явган цэргийн бүрэлдэхүүнтэй  хамтран 20 өдрийн дотор 700 гаруй км замыг туулан  Эрээн-Жанчхүү, Долнуур- ЖэХэ гол гэсэн  2 чиглэлээр давшилтад орсон юм. Түүхэнд Жанчхүүгийн давааны тулаан хэмээн нэрлэгдсэн томоохон тулалдаанд бид  олон баатар эрсээ алдаж, Аюуш, Жанчив зэрэг  Монголын 13 баатар эрс энд үүрд нойрссон билээ. Энэхүү дурсгалын хөшөө бидний найрамдлын гэрч болон сүндэрлэжээ. Бидний найрамдал ард түмнүүдийн  энхтайван, эрх чөлөөний хамтын  хүчин зүтгэлээр батжин бэхжиг.  


Эдүгээ  Монгол, Орос, Хятадын найрамдалт хамтын ажиллагаа  стратегийн түншлэлийн  түвшинд хүрч, төрөл бүрийн  салбарт  өргөжин хөгжиж,  гурван  улсын  төрийн тэргүүнүүдийн уулзалт тогтмолжиж, 3 талын хамтын ажиллагаа  шинэ агуулгаар баяжин хамтын ажиллагааны механизм  бүрдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна. Бидний улс түмний харилцаа улам гүнзгийрэн хөгжиж,   даян дэлхийд энхтайвны нар  үүрд мандан байг"  гэлээ.


Жанчхүү хотноо сүндэрлэн буй энэхүү хөшөөг 1957 онд   Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн зөвлөлт, Монголын цэргүүдийн  дурсгалд зориулан Хятадын тал босгосон бөгөөд  жил бүрийн  8 дугаар сарын 25- нд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам  хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлал тогтжээ.
1945 оны Чөлөөлөх дайны  ялалт нь Дэлхийн Хоёрдугаар дайны Ази тив дэх  голомтыг унтраан,  Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд  шийдвэрлэх хувь нэмэр болсон. Мөн энэхүү дайнд оролцсноор Монгол улсын  тусгаар тогтнол баталгаажиж, олон улсын харилцааны нэгэн субьект болохоо  дэлхий нийтэд харуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явц хэмээн  түүхчид, судлаачид дүгнэдэг.
 Энэ жил  ОХУ-д Аугаа их эх орны дайны ялалтын 70 жил, БНХАУ-д Японыг эсрэг  дайнд ялсны 70-н жилиийн ой тохиож байгаа юм.  1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмний хамтын тэмцлийг эргэн дурсах,  найрамдалт харилцааны  түүхэн  гэрч, тэмдэглэлт үйл явдал юм.

Бээжин хот  Д.Энхчимэг

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг