sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдож, “Шударга ёс”-чуудтай хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа МАХН-аас шадар сайдаар Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МҮАН-аас Эрчим хүчний сайдаар М.Сономпил нарын нэрийг дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлэх үед МАН-ын “төмөр хоолой” Ц.Нямдорж “За Алтанхуяг аа чи том алдаа хийж байна. 
Энэ Тэр­бишдагва тун удах­гүй араас чинь хутгалчихаад урваж одно доо, харж л байгаарай” хэмээн заналтайхан мэдэгдэж байсан. Ц.Нямдорж гишүүний тэрхүү хилэнтэй үг хэлснээс хойш гурван жил ч болоогүй байна. Тэгтэл бүх зүйл түүний хэлснээр өрнөж, Шинэчлэлийн Засгийн газар шилгээж, Шийдлийн засаг гарч ирсэн. 
 
Харин одоо байгуулагдаад тавхан сартайгаа золгоод байгаа Ч.Сайханбилэгийн тол­­гойлсон Шийд­лийн Засгийн газар ширүүхэн шилгээх нь тодорхой болж байх шиг. Өнөөх л Ц.Нямдорж анхнаасаа л “73-ын бүдүүн бүлэг”-ийг дэмжихгүй гэдгээ шулуухан мэдэгдэж тэр үедээ ганцаардаж байсан бол өнөөдөр Ж.Энхбаяр, Д.Хаянхирваа, Ё.Отгонбаяр гээд олон дагуултай болж “Улс орон сүйрлээ. Бид засгаас гарлаа. АН-ынхан өөрсдөө учраа ол” хэмээн шулуухан мэдэгдэж эхлээд байна. УИХ дахь МАН-ын бүлэг төрийн ордонд эхэлсэн хурлаа Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлэх үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, Оюутолгой араас нь залгаад Тавантолгойн асуудал мухардалд ороод байгаад МАН-ын бүлэг тодорхой дүгнэлт хийж, шийдвэртэй алхам хийхгүй бол хүлээх боломжгүй болж байгаа”-г нухацтай сануулсныг Ц.Нямдорж, Ж.Энхбаяр зэрэг гишүүд идэвхтэй дэмжсэн дуулдав. Урьд өмнөх Засгийн газруудад байгаагүй Монгол Улсын сайдын суудалд М.Энхсайхан­ыг суулгаж Оюу­­толгой, Таван­­толгой зэрэг томоохон ордуудын гэрээ хэлцлийг Монгол Улсад аль болох ашигтайгаар шийдвэрлэх, үргэж одсон гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах, сүүлийн гурван жил уруудсаар байгаа эдийн засаг, санхүүгийн асуудлуудаа шийдэх зэрэг олон ноцтой асуудалтай улаан нүүрээрээ тулсан Ч.Сайханбилэг сайд ёстой л “Шаварт унасан шарын эзэн”-ий хувиар ажлаа эхлүүлж байсан нь тавхан сарын өмнөх явдал. Тэгтэл өнөөдөр Монгол Улс хамгийн бодитойгоор долоон тэрбум ам. долларын гадаад өртэй болчихоод байгааг УИХ-д суудалгүй намуудын дарга нар мэдэгд­­сээр байгаа. Таван­­толгойн хөрөнгө оруулагчидтай том толгойлсон гэрээ байгуулсан гэгдэж буй М.Энхсайхан сайд уг нь улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулал­­тын тодор­­хой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхлэн хариуцаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж Ч.Сайханбилэг сайд анхнаасаа томилсон. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаар­­дагдах хөрөнгө оруулал­­тын асуудлыг шийд­вэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөл­­бөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзсэн. 
Гэтэл дээрх томоохон үүрэгтэй томилогд­сон М.Энхсайхан сайдын байгуулсан Тавантолгойн гэрээ Шийдлийн Засгийн газар шилгээхэд жинтэй үүрэг гүйцэтгэх болчихоод байна. Хоёр том толгойгоо хөдөлгөж байж эдийн засаг, санхүүгийн хям­­ралаас гарахаар төлөв­лөсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг МАН-ын ах нар нь шаналгаж, шахам­дуулаад эхэллээ. Асуудал хэрхэн даамжирч МАНАН сарних уу, улам өтгөрөн зунгааралдах нь үү гэдэг нь ойрын өдрүүдэд өрнөх үйл явдлуудаас тодорхой харагдах бизээ.
 
 
Эх сурвалж: