sonin.mn
 
 
 Улаанбаатарт байгуулагдсан дэлхийн жишигт нийцсэн, хамгийн том, тохилог худалдааны төв бол “Дүнжингарав” гэдэгтэй нийслэлчүүд 100 хувь санал нийлэх нь тодорхой. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээр овоглогдож, нэрнийх нь салшгүй нэгэн хэсэг болсон “Дүнжингарав” худалдааны төв гаднаасаа харагдах байдал, дотоод тохижилтоороо нийслэлчүүдтэй хэзээний танил болсон ч “Шилдэг татвар төлөгч”, “Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч” гэдгийг нь тэр болгон хүмүүс мэддэггүй. Яг энэ талын асуудлуудад хариулт авахаар “Дүнжингарав” ХХК-ны Гүйцэтгэх захиралтай уулзаж ярилцлаа. 
 
-“Дүнжингарав” худал­­дааны төвөөр олон удаа үйлчлүүлж байсан ч ХХК гэдгийг нь анх удаа л сонсож байна. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? 
-За өдөр тутмын томоохон сонины уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Намайг Б.Нандин-Эрдэнэ гэдэг
 
2014 оноос “Дүнжингарав” ХХК-ны Гүйцэтгэх захир­­лаар ажил­лаж байгаа. Манай төв нь “Дүнжингарав” ХХК-ны өмчлөлийн худалдааны төв юм. 
 
-“Дүнжингарав” худал­­дааны төв Улаан­баатарт ая тухтай, худалдааны шинэ соёлын хэмжүүр болон үүд хаалгаа нээснээс хойш хоёр, гурван жил болж байна. Ер нь энэ худалдааны төв үүсэн байгуулагдсан, ямархуу өртөг зардлаар боссон талаар танилцуулж болох уу? 
 
-Манай “Дүнжингарав” худалдааны төв 2013 оны зургаадугаар сарын 13-нд нийслэлийн хэрэглэг­­чдэд үүд хаалгаа нээж, үйл ажил­лагаагаа эхлүүлж байсан. Удахгүй хоёр жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Худалдааны төв байгуулагдсан нийт өртөг зардал бол мэдээж өндөр тоо гарна. Гэхдээ бизнесийн нууц гэдэг талаасаа тэр талаар энэ удаа дэлгэрэнгүй тайлбарлахаас түтгэлзье. 
 
-Гаднаасаа ч дотор нь ороод ч аргагүй л цэлгэр уужим, ая тухыг мэдэрдэг л дээ. Ер нь хэчнээн метр талбайг эзлэн оршдог вэ? 
 
-Нийтдээ 100 гаруй мянган метр квадрат тал­байг эзлэн оршдог, дэлхийн жишигт нийцсэн худалдааны үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгаа юм. Эхний ээлжинд 15 мянган метр квадрат худалдаа үйлчилгээний төв, гурван мянган метр квадрат Олон улсын хоолны томоохон иж бүрэн танхим, мөн гурван мянган метр квадрат Үзэсгэлэнгийн заал зэрэг гурван блокыг эхний ээлжинд ашиглалтад оруулж, нийслэлчүүддээ худалдааны шинэ соёл, тав тух, сэтгэл ханамжийг зэрэг, зэрэг хүртээн ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвд манай иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон автомашины зогсоол хамгийн чухал. Үүнийг хамгийн эхлээд бодолцож 5000 гаруй автомашины зогсоолыг шийдсэн. Нэг дор 100 мянган хүн өдөр тутам үйлчлүүлэх бололцоотой, худалдааны төв юм. 
 
-Дэлхийн жишигт нийцсэн худал­­дааны төв гэд­гийг зарим нэг технологийн шийдэл, хэрэг­­лэгдэхүүн дээр жишээ аван тайлбарлахгүй юу? 
 
-Болно, болно. Хамгийн наад захын жишээ гэвэл манай худалдааны төвийн агааржуулалтын систем гэхэд л Германы алдарт “Холл” брэндийн системээр иж бүрэн тоноглогдсон байх жишээтэй. Энэ системийн давуу тал нь “Дүнжингарав” худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бүр аль ч улиралд халууцах, даарах гэсэн ойлголт байхгүй. Дээр нь худалдааны төвийн агаарын бохирдлыг хэмждэг хамгийн орчин үеийн төхөөрөмж суурилуулсан учир ямар ч үед хамгийн цэвэр, сэнгэнсэн агаарыг үйлчлүүлэгчид мэдрэх болно. Мөн түүнчлэн бохир ус зайлуулах төхөөрөмж, ариун цэврийн өрөө зэрэг нь Евро стандартаар хийгдсэн тул аль ч орны худалдааны томоохон төвөөс огтхон ч дутах юм байхгүй. Энд онцолж хэлэхэд “Дүнжингарав” худалдааны төв Монголд анх удаа нийтлэг үйлчилгээ буюу “0”, автомашины зогсоолоос нэг ч төгрөгийн хураамж, төлбөр авдаггүй нь худалдааны шинэ соёлыг хэвшүүлэхийн төлөө бидний хийж байгаа ажил юм. Манай худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд мэдэж байгаа даа. Манай ариун цэврийн өрөөнүүдийн төхөөрөмжүүд бол таван одтой зочид буудлын стандартаар хийгдсэн байгаа. Аль болох үйлчлүүлэгчдийнхээ ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр бодолцож хийгдсэн, дэлхийн жишигт нийцсэн томоохон бүтээн байгуулалт юм. Дээр нь цэвэрлэгээ, үйлчилгээний талд Монголд шинэ стандарт, норм, норматив тогтоохын төлөө манай хамт олон өдөр тутмынхаа үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. 
 
-Энэ том худалдааны төвийн урсгал зардал бас л овоо дориун тоо гардаг байх даа. Тэр талын зардлаа гол нь хаанаас нөхөж байна? 
 
-Өнөөдөр манай худалдааны төв 1000 гаруй түрээс­лэгчтэйгээр тогтмолжсон үйл ажиллагаа явуулж байна. Манай түрээсийн төлбөр бол ийм стандарттай, ийм нөхцөлтэй худалдааны төв гэхэд харьцан­­гуй хямдхан гэж нүүр бардам хэлнэ. Дулаан, цахил­­гаан, агаар­­жуулалт, ин­женерийн байгууламж зэрэг нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилд суурилсан учир урсгал зардал харьцангуй бага гардаг. 
 
-Өнөөдөр нэг метр квадрат талбайн түрээсийн үнэ хэд байгаа вэ? 
 
-Манай нэг фавилон нь зургаан метр квадрат талбайтай, дээрээ агуулахтай, хоёр давхар байдаг юм. Фавилоны өндөр нь 2.90 метр, агуулах нь 1.60 метрийн өндөртэй. Дээр нь фавилон тус бүр нь галаас хамгаалах хамгийн орчин үеийн системтэй. Мөн фавилон тус бүрийг гурван сая төгрөгийн албан журмын даатгалд хамруулсан байгаа. Нэг фавилоны сарын түрээс нь 350 мянган төгрөг байдаг. 
 
-Талбай дүүргэлт хэдэн хувьтай байгаа вэ. Өвөл явж байхад хоосон фавилон олон байсан л даа? 
 
-Одоо та нэг очоод үзээрэй. Одоо бол фавилонууд маань бүрэн дүүрч, түрээслэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Өнөөдрийн санхүү, эдийн засгийн хямрал худалдааны байгууллагуудад хамгийн хүндээр тусч байгаа ч азаар “Дүнжингарав” төв маань энэ хүндрэлийг харьцангуй гайгүй давж байгаа. Өнөдрийн хүндрэлийн эсрэг “Дүнжингарав”-чуудын хамгийн гол зэвсэг бол худалдааны соёл, ая тух, аюулгүй байдал гэдгийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажилладаг. 
 
-Түрээс­­лэгч­­дийнхээ нийг­­мийн хам­гааллын асуудлыг хэрхэн шийдэж байна? 
 
-Өнөөдөр хувиараа бизнес эрхэлж байгаа манай түрээслэгчид тэр талын асуудалд маш анхааралтай ханддаг болсон. Хэний ч шахалт шаар­­длагагүй хувиараа Нийгмийн даат­­галаа төлөөд явж байгаа. “Дүнжингарав” ХХК-ны зүгээс судалгаа хийсний үр дүнд тодорхой тооны түрээслэгч­­дийг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамруулж байгаа. Мөн баяр ёслол, олон нийтийг хамарсан спорт, урлагийн арга хэмжээг тогтмол явуулж хэвшсэн. Товчхондоо “Дүнжингарав” худалдааны төв гэдэг нэгэн том эвсэг, найрсаг хамт олон нэгэнт бүрдсэн гэж хэлж болно. Энэ талаар манай маркетингийн салбарын хамт олон маш сайн ажилладгийг зориуд цохон тэмдэглэж байна. Бидний алсын хараа, худалдааны соёл, том зорилгын цаана “Дүнжингарав” худалдааны төвөөр овоглож, тэндээс амьдралаа залгуулж байгаа түрээслэгч нэг бүрийн эрхэм зорилго гэж бат ойлгосны үндсэн дээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа юм. 
 
-Танай байгууллагыг Баянзүрх дүүргийн “Шилдэг татвар төлөгч” гэж сонссон. Энэ талаар тодорхой тоо баримт хэлж болох уу? 
 
-“Дүнжингарав” ХХК үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд бүх төрлийн татвар, хураамжийг хууль тогтоомжинд заасны дагуу цаг хугацаанд нь барагдуулсаар өнөөдөртэй золгосон. Бизнесд урьдчилан таамаглаагүй хүндрэл, бэрхшээл гардаг л даа. Тэр болгоныг дүүргийн Татварын алба болон бусад байгууллагуудтайгаа харилцан ярилцаж, учир зүйгээ олоод зохицуулдаг. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэгт томоохон татвар төлөгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ итгэл төгс хэлж чадна. 1000 гаруй түрээслэгч нар маань бүгдээрээ татвар төлөгчид шүү дээ. 
 
-“Дүнжингарав” худалдааны төв гээд ярихаар хүн бүхний толгойд хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Б.Наранхүү орж ирдэг. Өнөөдрийн тухайд Б.Наранхүү гишүүн танай байгууллагад ямар хамааралтай байдаг вэ? 
 
-УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Дүнжингарав” ХХК-ыг үүсгэн байгуулагч гэдэгтэй маргах хүн байхгүй. Өнөөдрийн тухайд улстөрийн албан тушаалтан болсны хувьд “Дүнжингарав” ХХК-ны том хувьцаа эзэмшигч гэж явдаг. Ажил хэргийн хувьд зөвлөгөө өгөх, шаардлага тавих байдлаар оролцох нь бий. 
-Өнөөдрийн байдлаар “Дүнжингарав” худалдааны төв нь аль нэг банк, гадаад, дотоодод өртэй юу? 
 
-Дээхнэ тэр талын ташаа мэдээлэл цацагдсан байсан. Энэ талаар хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Дүнжингарав” ХХК-ны хувьд аль нэг банк, гадаад, дотоодод ямар ч өр төлбөр байхгүй. Алдагдалтай ажиллаж байгаа зүйл ч байхгүй. Бидний зүгээс бүх талаар нийслэлчүүддээ ая тух, худалдааны соёлыг мэдрүүлэхийн төлөө өдөр тутмынхаа үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж боддог. Бид энэ жилдээ багтаагаад 45 мянган метр квадрат агуулах худалдааны төвийг ашиглалтад оруулснаар “Дүнжингарав” худалдааны төв цогц байдлаар ашиглалтад орж дуусах юм.
 
 
 
Эх сурвалж: