sonin.mn
 
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Харин Төрийн байгуулалтын байнгын хороо Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг 8 асуудал хэлэлцэх аж.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг