sonin.mn
 
 
Бат хаан бүр 1240 оны эхээр Мажарын IҮ Бела д элч зарж, ивээлдээ авч орогнуулсан өшт дайсан Кумануудын үлдэгдэл дүрвэгчдийг гаргаж өгөхийг шаарджээ. IV Бела Бат хааны элчүүдийг алсан нь “үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдох”-ын үлгэр болов. Зарим түүх бичлэгт Бат хаан Бела руу 30 удаа элч зарсан гэдэг. Энэ эргэлзээтэй юм. Харин Бат хаан монголчуудтай угсаа гарал нэгтэй, эртний язгууртай IV Белаг хүндэтгэн 30 хүн бүхий томоохон элчийн багийг ихээхэн бэлэг сэлтийн хамт илгээсэн нь үнэнд дөхүүтэй. 
Эхийнхээ талаас куман гаралтай IV Бела ван бүл болох куманы хаан Котяныг монголчуудад бариад өгчих нь хэцүүгийн дээр түүний дагуулж ирсэн 40 мянган цэргээр хүчээ сэлбэн, сүр хүчээ бадруулахыг хүсэж байжээ. Зарим түүхийн тэмдэглэлд Котяныг 40 мянган цэрэг биш, албат өрхтэй ирсэн гэдэг. Нэг өрх, нэг цэрэг гэж үзвэл бараг л ялгаагүй хэрэг. 
Кумануудыг араасаа монголчуудыг дагуулж, аюул гай чирч ирсэн гэж дургүйцэж байсан мажарын дураараа, алсын хараагүй атлаа хардамхай ноёд хуралдааны үед Котян хааныг “монголчуудын эсрэг та нартай мөр зэрэгцэн эцсийн хүчээ шавхартал тулж тэмцэнэ” хэмээн ам шүд алдсаар байтал шадар хүмүүсийнх нь хамт хуралдаж байсан сүм дотроо сэлмээр дүрж орхисонд куманууд асар майхнаа хурааж аваад, замдаа таарсан бүхнийг алж талж, тонон шатаасаар Балкан руу дүрвэжээ. Ер тэр цагаас хойш тийш дүрвэсэн кумануудаас сураг ажиг дахин сонсогдсонгүй билээ. Котян хаан бол бүр 1222 онд Кавказын ард анх Зэв, Сүбээдэй хоёртой тулсан цагаас хойш 20 орчим жил монголчуудтай дайтаж, тулалдах арга тактикийг нь сайтар судалж суралцсан, долоо шархадсан хөгшин чоно шиг хашир дайчин эр байв. Мажар ноёд Котян хааныг алснаар сайн зүйл болсонгүй, хатуужсан 40 мянган дайчин бүхий хүчирхэг холбоотноо алдаад зогсохгүй гарз хохирол ч их амссан байна. 
 
***
Бат хааны цэрэг Белатай цэргийн холбоо тогтоосон Галичийн вант улсыг 1241 оны 2 сарын сүүлчээр дайран эзлээд, тэндээсээ хоёр хуваагдан хөдөлжээ. 
Хан хүү Хадаанаар (Өгөөдэй хааны зургадугаар хүү) удирдуулсан өмнөд замын цэрэг нь Молдаваар дайран, Прут, Серет голуудын эхээр гаталж Трансильвания руу цөмрөн орлоо. 
Серет гол гатлаад мөн цэргээ хоёр хуваан нэгийг нь өмнөдөд Валахи руу Дунай мөрний нэг цутгалан Олмул голын эхээр давшуулав. Нөгөө хэсэг нь Карпатын өмнөд уулархаг хэсэгт байх мөнгөний уурхайтай Родна хот (Одоогийн Румыны) хүрвэл олон мянган уурхайчид цэрэглэн тосчээ. Монголчууд дадсанаараа хуурмагаар ухарч холдсонд итгэсэн уурхайчид баярлан зэр зэвсгээ хөсөр тавиад найрлан бүхийд гэнэт бүрхэн орж хядаж орхисон байна. Тэндээсээ амьд үлдсэн уурхайчдаас 600 ялган тууж, уулын бэрх замыг засуулан даваад Бистрицаг 4 сарын 2-нд довтлон эзэлжээ. 
 
***
Бат, Сүбээдэйн удирдсан төв замын цэрэг 3 сарын эхээр Карпатыг Оросын хаалга (Закарпатская русь) гэгддэг хэсгээр давав. Өмнө нь монголчууд ирж магад хэмээн сэрэмжилж, IV Бела ван энэ нуруугаар даван ирж болох даваа, нүх сүв бүр дээр том том мод шугуй огтлуулан өргөн их халх шивээ босгуулж, нэг анги шилдэг цэргээр мануулжээ. Карпат бүү хэл Кавказ, Памир, Хиндүкишийн тэнгэр баганадсан цаст их уулсыг давж, Хорезм, Алтан улс, Хар Тангудын хот балгадын нүсэр хэрэм цайзыг санаан зоргоор нурааж явсан арвин их туршлагатай Сүбээдэй баатар тэргүүтнүүд Бела вантны энэхүү хамгаалалтыг харж, гэнэн хонгорыг нь ихэд шоолон хөгжилдөцгөөгөөд, өнөөх царсан хамгаалалтан дээр нь тос асгаж байгаад гал өгч орхисонд тунчиг сайхан шатсан хэмээдэг. Бас заримыг нь сүрэл адил хялбархан тасчин хаялжээ. 
Галын утаа алс Ужгород орчмоос ч харагдаж, монголчууд хэдийнэ Карпатыг давсныг мэдсэн нутгийнхан даваан дээр цохиулсан хамгаалалтын цэргээс илүү хурдан түргэн мэдээг арагш нь хүргэжээ.
 
 
Эх сурвалж: