sonin.mn
 
 
«МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл» нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан билээ. Үүнээс өмнө байдал ямар байв гэвэл, 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан нь   тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувьцааг хувийн компанид өгөөд байв. Гэтэл  сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улстөрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна.  УИХ дахь МАХН-ын гишүүд 2014 оны  дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
 
Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ил тод, нээлттэй, харилцан ашигтай, үр өгөөжтэй шийдэхийн оронд харин ч нууц байдлаар, үгсэн хуйвалдаж, улс төрийн шантааж хийн талцаж, бие биеэсээ өрсөлдөн улстөрчдийн оролцоотойгоор эдийн засгийн бүлэглэлийн талд шийдүүлэхээр тэмцэлдэж байгаа нь хэрээс хэтэрч, Монголын ард түмнийг доромжилсон эрээ цээргүй үйлдлүүд болоод байна.
 
Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг нь Тавантолгойн гэрээний асуудлыг хариуцаж байгаа бөгөөд 2012 оны «Шударга ёс эвсэл»-ийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгана” гэсэн зорилтыг гажуудуулж,  2.1 сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж, «Энержи Ресурс» компанид эрхийг   өгч, Монголын эдийн засгийг тус компанийн хараат болгох ноцтой үйлдлийг хийж байна. Мөн Тавантолгойн гэрээний нөхцөл байдлаас шалтгаалан Эвслийн байр суурь зөрчилдөхөд хүрээд байна.
 
Цаашид Тавантолгойн  гэрээг хийхдээ ил тод, нээлттэй, харилцан ашигтай байдлаар ард түмний эрх ашигт нийцүүлэн хийж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулж  байна.
 
Монгол төрийн зөв бодлого ард түмний ирээдүйн амьдралын баталгаа болох учиртай.
 
МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС,
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО