sonin.mn
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн Нийслэлийн Намын байгууллагын 90 жилийн ойн баярын хуралд хэлсэн үгийг хүргэж байна.
 
Нийслэлийн намын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Та бүхэндээ баярын мэндийг дэвшүүлье. Ой тэмдэглэхийн учир нь түүхэн замналаа үнэлж дүгнэн, алдаа оноогоо дэнсэлж, цаашид юу хийх, яаж ажиллахаа шүүн тунгаахад  оршино гэж боддог.
 
Нийслэлийн намын байгууллагын түүхийг судлахдаа өнөөдөр өвлөж авах ёстой сайн зүйлүүд нь юу байж вэ гэдгийг олж харахыг би эрмэлздэг. Зарим хүн хотын намын хороог захиргаа, аж ахуйн ажилд оролцдог байсан хэмээн шүүмжилж ирсэн нь үнэн. Гэхдээ тэр үеийн  байгууллагууд олон түмний гүнд орж, хүмүүст илүү ойрхон ажиллах гэж  чармайдаг  байсан нь бас үнэн.  Зөвхөн нийслэлийн намын хороо ч  гэлтгүй, нийтдээ  тийм л байсан. Тухайлбал, миний аав Хөвсгөл аймгийн 10 шахам сумын намын байгууллагыг толгойлж ажиллахдаа сумын сүү тос, ноос үс, отор нүүдэл, хадлан тэжээл, худаг ус гээд өдөр шөнөгүй давхидаг байсан.
 
Заримдаа  салж сарнихдаа тулсан  эхнэр, нөхөр хоёрыг ч эвлэрүүлэх гээд зүтгэж явсан түүх бий. Арга нь буруу байсан байж болох авч, цаад санаа нь хөдөлмөрийн хүнд ойр байж, хаана амьдрал буцалж, бургилж байна, тэнд намын байгууллага байх ёстой гэж  эрмэлздэг байжээ.
 
 Дарга даамлууд олон түмнээс тасарлаа гэж иргэд шүүмжилж буй энэ үед бас л анхаарууштай арга барил гэж би боддог. Ард түмэн, улс оронд хэрэгтэй тустай л гэж үзсэн бол, ажлыг “миний”, “чиний”, “хүний”, “өөрийн” хэмээн ялгалгүй, “хүнд”, “хэцүү” гэж шантралгүй шууд барьж аваад хийдэг, хийлгэдэг байсан манай ахмадуудын тэр эрхэм чанар нь өвлүүштэй, сайн зүйл мөн. Одоо бол мөнгө, шагнал өгвөл “зүтгэнэ”, алга тэнийлгэхгүй бол “үгүй” шүү дээ гэдэг болж.  Өөр нэг чухал чанар байсан. Тэр нь өндөр шаардлага, хариуцлага. Өөрөөр хэлбэл, эрх үүргийг тэнцүүхэн ярина гэсэн үг л дээ. Ийм зарчим үйлчилж байсан учраас ажлыг ч бүтээдэг, боловсон хүчнийг ч сургаж хатуужуулдаг сайн талтай байжээ.
 
Магтаалд малилзаад,  шүүмжлэлд  шөрвөлзөөд,  хариуцлага ярих гэвэл нам намайг хэлмэгдүүлэв гэх аястай болсон энэ цаг үед бас л үгүйлэгдэж байгаа чанар мөн  гэж би үздэг.  Шинэчлэл  гэдэг бол мартагдах шахсан сайн үлгэр, туршлагыг сэргээхийг ч бас хэлнэ  хэмээн мэргэд сургадаг юм билээ.
 
Монголд “энэ нам”, “ тэр нам” гэж ярихаар дургүйцдэг болоод удаж байгаа. Сүүлийн үед “Төр” гэж ярихаар бас л дургүйцдэг болох гээд байна.” Төр, төрийн алба” гэж хэлэхээс хүртэл цэрвэж “Нийтийн алба”  гэдэг үгээр орлуулах зорилготой  хуулиуд явж байна. Манай улсын одоогийн төрийн тэргүүн маань 2009 онд Ерөнхийлөгчийн тангарагийг анх удаа өргөх үед хэлсэн үгэндээ “Монголын хөгжил дэвшил Монголын төрийн төлөвлөгөө, хөтөлбөрөөс огт хамаарахгүй. Монголчууд төрийн төлөө биш, өөрсдийнхөө төлөө амьдарцгаа. Төрийг бодож биш, гагцхүү өөрийгөө бодож идэвхтэй, бүтээлч байхыг иргэн бүрээсээ хүсье” гэж уриалсныг Та бүхэн санаж байгаа байх. Ер нь манай ерөнхийлөгчийн үг ийм агуулгатай байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Төрөө битгий бод гэдэг нь улсаа битгий бод гэдэгтэй тун ойрхон сонсогдож байна. Ийм философитой төрийн тэргүүнтэй болохоор, хэн нэг өөр иргэнийг, тухайлбал, Анхаа, Уянгаа, Солонгоог хувиа бодлоо гэж буруутгахад хэцүү байгаа юм.
 
Уг нь эрх ашгийн эрэмбийг дараалуулбал, эхлээд Монгол улсын, тэгээд төрийн, дараа нь намын, сүүлд нь амин хувийн гэж байх ёстой гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед энэ эрэмбэ эсрэгээрээ болжээ. Манай намд ч хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг албан тушаалтнууд олон болоод байгаад би эмзэглэдэг.
 
Энэ мэт ойлголтын зөрүү өнөө цаг үед нэмэгдэж , монголд маш олон туйлын үнэн бий болчихоод байна.  2*2=4 гэдэг шиг нэг асуудлаар ганц туйлын  үнэн байдаг гэж би  итгэдэг. Үнэнийг номлогчид өдрөөс өдөрт олширч байна. Төрийн 3 өндөрлөг тус тусдаа үнэнийг айлдана, 76 гишүүн, бас хэдэн зуун телевиз, сонин, сэтгүүл, твитер, фейсбүүкийн жиргээчид, хутагт хувилгаадын хойд дүрүүд, дээр нь хар цагаан 99 тэнгэртэй шууд харилцагч шидтэнүүд...  гээд бүгд үнэнийг номлож байна. Зарим нь бүр, дэлхий  ертөнцийн төгсгөл болох цаг өдрийг хүртэл “хэлж” бужигнуулах шахсан шүү дээ.
 
Нэг үгээр хэлбэл, иргэд, буман олон үнэний мэдээлэлд живчихээд байна. Ийм л  цаг үед бид амьдарч байна. Монголчуудын тал орчим хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын МАН-ын байгууллага ч хүнд бэрх сорилтуудтай тулгарч байна. Гэхдээ нийслэлчүүдийн амьдралыг өөрчилнө, гэрэлтүүлнэ гэдэг эрхэм зорилгыг тавьж байгаа нам юм бол, бас 90 жилийн түүхтэй, арвин баялаг туршлагатай улс төрийн хүчин юм бол шантрах эрх огт байхгүй. Бид үгийн гоёыг сонгож хэлэх гэж эрмэлзэх хэрэггүй, өнгө хэлбэрийг гоё харагдуулах гэж шохоорхох шаардлагагүй, гол нь жинхэнэ үнэнийг хэлж сонгуульд ялах ёстой. Илүү далайцтай, шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, олон түмний итгэлийг хүлээх үүрэг, хариуцлага бидэнд ноогдож байна. Үүнд нийслэлийн намын байгууллага бэлэн үү?  Бид одоо ийм л асуултыг бие биендээ тавих хэрэгтэй. Улсаа гэсэн бодолтой, цагаан мөртэй , ариун явдалтай тийм л  хүмүүсийг намын нэрийн өмнөөс ард түмэнтэй уулзуулах ёстой. Хулгайч хүн хулгайчийн булай явдлын тухай яриад эхэлбэл хэн ч хүлээж авахгүй. Аль нэг албан тушаалтныг тойгдож зусардаж байгаад, эсвэл бүлгэрхэж шантаажилж байгаад албан тушаал олж авах гэсэн этгээдүүдээс салах цаг болсон. Одоо энэ тухай ярьж буй нь ч оройтож байна.
 
Ард түмэн хүлээгээд авах тийм л хүмүүсийг сонгож, мөнгөгүй, муухай ааштай, царай муутай, тэрслүү үгтэй ч байсан нэр дэвшүүлэх л хэрэгтэй. “Тэр минь” “Энэ минь” гэж хандах юм бол дахиад л бид алдана.
 
Хоёрдугаарт, МАН анх удаа эрх барихын төлөө явж байгаа улс төрийн хүчин биш учраас бидний бодлого, үйл ажиллагаа дандаа зөв байсан юм шиг ойлгуулах гэж оролдох хэрэггүй.  Алдаагаа ил тод хэлж түүнээ ингэж засна, тэр боломжийг олгооч гэж хандвал илүү зөв байж  магадгүй. Гуравдугаарт, бидний ам, ажил зөрүүгүй байвал нэн сайн. Тэгвэл олон түмний итгэлийг хүлээнэ. Одоо биелэх, биелэхгүй олон юм амлах хэрэггүй. 2020 он хүртэлх хугацаа бол маш хүнд, гадаад дотоодын өр төлбөр шахсан хэцүү он жилүүд байх төлөвтэй байна. Үүнийг тооцож, амлалт, хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй гэж бодож байна. Бас олон түмнийг дагуулахын тулд нэг нүүртэй, нэг үгтэй байх ёстой.
 
 Сөрөг хүчин байхдаа хэлж байсан үг одоо эрх баригч болоход өөрчлөгдөж болохгүй. Төгсгөлд нь, манай дэмжигчид хуваагдсан хэвээр дахин  дараа дараагийн сонгуульд ороод ялахад тун хэцүү гэдгийг хэлье. Манай нам яг нарийн яривал, бие даагчид буюу тэднийг дэмжигчдийг оролцуулбал 3 хуваагдчихаад дараалан 3 сонгуульд ялагдлаа. Могой 3 тасравч гүрвэлээс том гээд санаа амар сууж болохгүй. Тэгвэл рейтинг нь өдрөөс өдөрт унаж байгаа Ардчилсан намыг 4 дэх удаагаа том баярлуулж, том тусыг  хүргэх болно гэж хэлэх байна. Одоо тэдний сүүлчийн ганц найдвар энэ. МАХН-тай хамтаръя гэж дээрээсээ эхэлж шийдвэр гаргахад хэцүү байгааг би мэднэ. Би ч түүний зовлонг мэдэрсэн. Тэгвэл үүнийг хүлээлгүй доогуураа энэ санаачлагыг өрнүүлье л дээ. Яагаад болохгүй гэж. Хувьсгалт намыг дэмжигчид чинь бидний л нэг хэсэг шүү дээ. Одоо тэднийг элдвээр хэлж холдуулах хэрэггүй. Зүүний хүчний холбоо үүсээд хэдэн жил болж байна. Зүүний чиглэлийн үзэл баримтлал дээр байгаа хэнийг ч нэгтгэнэ гэсэн эрмэлзэлтэй хүчин гэж боддог. Тэр үнэн юм бол үүнийг хийгээч, санаачлаач! Тэгж чадвал энэ байгууллагыг би чин сэтгэлээсээ дэмжих болно. Намын дэргэдэх бусад байгууллагыг ч тэгж уриалж байна.
 
Баярлалаа.
 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин