sonin.mn
 
 
 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Эр хүн та эрүүл бол - өрх гэр эрүүл” урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.
 
Үйл ажиллагааг ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Баярмаа нээж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэнБ.Энхмаа, Цагдаагийн I, II хэлтэс, Эрүүл мэндийн төвийн Мэс заслын эмч Т.Батсуурь, Эрүүл мэндийн төвийн Сургалтын менежер Х.Саранчимэг болон холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцов.
 
Өдөрлөгийн үеэр “Түрүү булчирхайн хоргүй томрол” сэдвээр мэдээлэл өгч, дотрын эмчийн үзлэг, чих, хамар хоолой, мэс заслын эмчийн үзлэг, сахарын хэмжээ тодорхойлох, ЭХО, ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээ, жин, өндөр, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үзлэгүүдийг үнэ төлбөргүй хийв. Үзлэг, шинжилгээнд Цагдаагийн I, II хэлтсийн 250-иад алба хаагчид хамрагдлаа.
 
Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.91 байгаа нь эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр дутуу бөгөөд эрэгтэйчүүдийн амьдралын чанар, дундаж наслалтад түрүү булчирхайн үрэвсэл, хавдар ихээхэн нөлөөлдөг байна.
 
  Цагдаагийн алба хаагчдын цаг наргүй ажилладаг онцлогийг харгалзан тэдний эрүүл мэндийн төлөө ажлын байран дээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаад нь дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийнхэнд ЦХ-ийн хамт олноос талархаж байгаагаа илэрхийллээ.