sonin.mn
 
 
БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв нь Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр соёлын өвийн талаар судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудтай өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тодруулбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Уламжлалын академи, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, Археологийн тэнхим, СУИС, Чингис хаан их сургууль, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв.
 
Талууд соёлын өвийг хадгалж хамгаалахад судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун хэлэхдээ, “Манай түүх археологийн хүрээлэн Монгол Улсын биет болон биет бус соёлын өвийг судлах суурь судалгааны газар. Археологийн олдвороос гарсан соёлын өвийг сэргээн засварлах, угсаатны судалгаа, түүхийн судалгааны мэдээллийн санг Соёлын өвийн төвд бүртгэж, түүгээр дамжуулан гадаад, дотоодын судлаачид мэдэх үүд хаалга нээгдэж байна. Өнөөдөр асар олон булш бунхан сүйтгэж байгаа мэдээлэл ирдэг. Бүх мэдээллийг нэгдсэн сангаас үзэх боломжтой болно. Соёлын өвийн хадгалалт хамгаалалт маш их хэрэгтэй байна” гэв.  
 
Хамтын ажиллагааны хүрээнд  талууд түүхэн тодорхой орон зай, цаг үеийн түүх, соёл, урлаг, уран сайхан, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий соёлын биет болон биет бус өвд хамрах бүхий л төрөл зүйлийн суурь болон бусад судалгааг хамтран зохион байгуулах, мэдээлэл солилцох, соёлын өвийн мэдээллийн сангийн мэдээллийг судалгаанд үндэслэсэн үнэн бодит дуу, дүрс бичлэг болон соёлын биет бус өвийн язгуур хэв шинж, дэг сургуулийг тусган баримтжуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн түвшинд судалж бүртгэн баримтжуулсан мэдээллийн санг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, олон нийтэд таниулан сурталчлах юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 
Гэрэл зургийг Н.Батбаяр