sonin.mn
 
 “Лалын улс” бүлэглэл командлагч нартаа зориулж, Иракийн хойд нутагт оршдог Мосул хотод таван одтой зочид буудал нээсэн тухай Ираны телевизийн “Press TV” суваг мэдээлж байна.
Тус сувгийн мэдээлснээр, босогчдын командлагч нарт зориулж тусгайлан шинэчлэн зассан, “Ninawa International Hotel” хуучин зочид буудлын барилгын зургийг террористуудын бүлэглэлийн гишүүд мягмар гарагт нийтэлжээ. Мосул хот оршдог Найнава мужийн газар нутгийн ихэнх хэсгийг тус бүлэглэлийнхэн эзлэн авсны дараа энэ зочид буудлыг хаасан байна.
 
Уг зочид буудал нь хөрш мужуудын хотуудаас ирж байгаа “Лалын улс”-ын командлагчдыг байрлуулахад зориулагдсан гэж мэдээлж байна. 11 давхар, 262 өрөөтэй уг зочид буудал нь гадна талбайдаа теннисний талбай, усан сан, гантиг шал бүхий хүлээн авах танхимтай аж. Зочид буудлын ойролцоо далдуу модны цэцэрлэг байдаг байна.
 
“Лалын улс”-ын босогчид зочид буудлын нэрийг “Waritheen” болгон өөрчилсөн бөгөөд энэ нь арабаар “өв залгамжлагчид” гэсэн утгатай ажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг