sonin.mn
 
Өвөрхангай аймгийн Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооноос зохион байгуулсан Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг зөвлөгөөнд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын нийт 200 гаруй алдарт уяач оролцов. Зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд оролцох үеэрээ тус уяачдын холбоо нь хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг тэмдэглээд, зөвлөгөөнд оролцож буй уяачдад амжилт хүслээ. “Арвагар хээр” холбоо өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийнхаа алдарт уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа морин спортын хүрээнд тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замын талаар харилцан ярилцаж, төр засгийн удирдлагуудад үгээ хүргэлээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ, “Арвагар хээр” холбоо Монголын хурдан морины хөгжил, өв соёлыг дэлгэрүүлэх үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж хурдан адууны үүлдэр угсааг сайжруулах талаар олон ажлуудыг хийж, тэжээх болон уяж сойх горимд гарч байгаа өөрчлөлт, уяачдын маань нарийн ухаан, нөр их хөдөлмөрийн үр дүнтэй холбоотойгоор манай аймгийн хурдан морьдын гаргаж буй амжилт жил тутам сайжирч байна. Сүүлийн жилүүдэд хурдан морь сонирхогчдын тоо асар хурдацтай өсч, хурдан морь, түүний уралдаанд хийх хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэн, уяачид болон хурдан хүлгийн үнэлэмж маш ихээр өсч байгаагийн дээр үндэсний морин уралдаанаа нийтийн сонирхолд нийцүүлж, олонд хүртээмжтэй үндэсний спорт болгон хөгжүүлэх нь зайлшгүй юм” гэлээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
 
Б. Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг