sonin.mn
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлав.
Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм.
 
Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, сургуулийн орчин, гудамж, зам талбай тоглоомын талбайг  төсөөлөн зурах юм. Үүнд:
6-9 нас “Миний мөрөөдлийн тоглоомын талбай”
10-13 нас “Миний мөрөөдлийн гудамж”
14-16 нас “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гэсэн сэдвээр гар зургийн бүх төрлөөр А3 формат /42х29.7см/ дээр зурна. Мөн зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.
Уралдааны бүтээлийг 5 дугаар сарын 11-25 хооронд нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 13 давхарт 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авах юм.
Уралдааныг энэ сарын 25 – наас 30-ны дотор дүгнэх бөгөөд Нэгдүгээр байр 300 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Хоёрдугаар байр 200 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Гуравдугаар байр 100 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Тусгай байр бэлэг дурсгалын зүйлийн шагналтай гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.