sonin.mn
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлээр ахлуулсан Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УЕПГ, ЦЕГ, Жендерийн үндэсний албаны төлөөлөгчид оролцож, асуултуудад хариулж, мэдээлэл өгч байна.
 
Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний анхдугаар илтгэлээ 2010 онд хэлэлцүүлсний дараагаар өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр төр, засгийн, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд хичээл зүтгэл гарган ажиллаж ирснийг Дэд сайд Ц.Уугангэрэл хэлсэн үгэндээ онцлов.
 
Энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч нийт 68 орны төлөөлөгчид болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл асуулт тавьж, санал, зөвлөмж өгөв.
 
Анхны илтгэлээс хойш Монгол Улс Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол, Эрүүдэн шүүхийн эсрэг нэмэлт протокол болон холбогдох бусад олон улсын гэрээг соёрхон баталсан, түүнчлэн Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг баталсан нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд гаргасан томоохон амжилт хэмээн улс орнууд үнэлж байгаагаа онцлон тэмдэглэж байв.
 
Цаашид Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халах, гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх, эрүүдэн шүүх үйлдлийг олон улсын гэрээнд нийцүүлэн Эрүүгийн хуулиндаа тусгах, эрүүдэн шүүх гэмт хэргийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох, төр, засгийн байгууллагын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөн нэмэгдүүлэх, хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн бие махбодийн ВВВВ шийтгэлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг бууруулах, тэдгээрийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, дээрх олон улсын гэрээ болон хууль тогтоомжийн хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчний болон санхүүгийн чадавхийг сайжруулах чиглэлээр бодит, үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухай зөвлөмжүүдийг хэлэлцүүлэгт үг хэлж оролцсон НҮБ-ын гишүүн орнуудаас өгөв.
 
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлийг хэлэлцүүлсэн тухай тайлан-илтгэлийг энэ сарын 8-ны өдөр батлах бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ирэх 9 дүгээр сард болох 30 дугаар чуулганы үеэр манай улс бусад улс орнуудаас өгсөн зөвлөмжүүдийн талаар байр сууриа илэрхийлэх юм.