sonin.mn
УИХ-ын чуулганаар Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Л.Энхамгалан “Энэ маш чухал хууль юм. Манай монгол улсад нийт 720 гаруй мянган өрх байдаг гэсэн статистик тооцоо байдаг. Энэ өрхөөс хэдэн хувь нь өөрийнхөө амьдарч байгаа газрыг өмчлөх эрхээр баталгаажуулсан бэ. Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 7,6 хувь нь газраа өмчилж авсан гэсэн тооцоо байгаа шүү дээ. Бүртгэлээс гадуур ямар хэмжээний эд хөрөнгө байна вэ. Нэг ёсондоо далд эдийн засаг шүү дээ. Тиймээс далд эдийн засгийг эл болгох хамгийн гол арга бол бүртгэл юм. Мөн сумын төв дээр амьдарч байгаа иргэд байна. Тэгвэл энэ сумын төв дээр байгаа байцаагч чинь зөвхөн иргэний бүртгэл л хийдэг шүү дээ. Хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийг ердөө суман дээр хийдэггүй. Заавал аймгийн төв дээр очиж бүртгэл хийдэг. Энэ бүхнийг яаж шийдвэрлэх вэ” гэсэн юм.
 
Дээрх хуулийг санаачлагч ажлын хэсгийнхэн хариулахдаа “Улсын хэмжээнд нийт бүртгэл хийлгэсэн 743 мянгаа 555 бүртгэлийг хийсэн байна. 2014 оны 07 сарын 01-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд бүх сумын бүртгэгч нартаа сургалт явуулсан. Анхан шатны эд хөрөнгийн бүртгэл хийх сургалтуудыг хийсэн. Материалуудаа хүлээж аваад иргэдэд зөвлөгөө өгөөд аймаг руу өөрсдөө явуулаад долоо хоногийн дараа бүртгэл хийгдсэн материалыг иргэнд буцаан олгодог болсон. Яагаад заавал аймаг руу явдаг, суман дээр бүртгэл хийх боломжгүй байна гэхээр аймгийн төв дээр бүх эд хөрөнгийн бүртгэл, хувийн хэрэг байж байдаг. Тиймээс аймгийн төв дээр бүртгэл хийдэг” хэмээлээ.
 
Г.Сүх
 
Эх сурвалж: new.mn сайт