sonin.mn
Балба улсад өнгөрсөн сарын 25-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь насаа алдагсдын тоо 8000 давж, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 16000-д хүрээд байгааг тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдээд байгаа. Одоо нуранги доор амьд үлдсэн хүн байх магадлал муутай болж байгаа ч аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. 
 
Балбад учирсан нийт хохирлыг сэргээн засварлах, ард түмнийх нь амьдралыг хэвийн хэмжээнд оруулахад наад зах нь гурван тэрбум ам. доллар шаардлагатайг тус улсын Засгийн газар мэдэгдээд байгаа. НҮБ-аас эхлээд олон улс орон байгалийн гэнэтийн аюулд өртсөн Балбын ард түмэнд бүх талаар тусламжийн гараа сунгасаар байгаа. 
 
Тэгвэл энэ удаа Монголын ард түмэн тэр дундаа бурханы үнэнч шавь нар Балбын ард түмэнд өгөөмөр гараа сунгаж эхэлжээ. Байгалийн гамшигт өртсөн Балба улсын эх эцгээсээ өнчирсөн 50 хүртэлх хүүхдийг авч ирж, өөрийнхөө харьяаны цэцэрлэгт асран хүмүүжүүлэх буяны ажлын эхлэлийг тавиад байгаа Монгол зурхайн “Түвдэнпэлжээлэн” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн болон түүний буяны ажилд гар бие оролцож яваа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Нямдаваа гуай нартай уулзаж ярилцлаа. 
 
-Гончигсүрэн гуай таны гарал үүсэл, эзэмшсэн шашны боловсролын тухай асуултаар ярилцлагаа эхлэхийг зөвшөөрнө үү? 
 
-За тэгье. Би Завхан аймгийн Алдархаан сумын угшилтай хүн. Манай нутагт Яруугийн хийд гэж маш том хийд байсан. Манай дээдсүүд Яруугийн хийдэд шавилан сууж буян номын ажил хийж байсан түүхтэй. Ер нь манай Завхан нутаг чинь хутагт, хувилгаадын өлгий нутаг л даа. Тэр ч уламжлалыг таслахгүй санаатай өнөөдөр бурхан шашин, буян номын ажил хийж явна. Би 1979-1984 онд Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд буддын гүн ухаанд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Гандантэгчилэн хийдэд дуганчаас эхлээд хурлын лам, бичээч, номын сангийн эрхлэгч, Шашны дээд сургуулийн багш зэрэг ажлыг 1992 он хүртэл хашсан. Дараа нь 1992-1994 онд Далай ламын дэргэдэх Эмнэлэг, зурхайн сургуулийг төгсөж ирэхэд Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгчид хуралдаад шашны 10 ухааны нэг зурхайн дацан байгуулах шийдвэр гаргасан юм. Тэр дацан Гэсэр сүм дээр нээгдэхэд дөрвүүлээ гарч ирж байлаа. Дараа нь зургаан жилийн турш Монгол зурхайн “Түвдэнпэлжээлэн” хийдээ байгуулж, өнөөдөр үйл ажиллагаа нь тогтмолжоод явж байна. Шашны мяндаг цолын хувьд гэвшийн дамжаа барьсан, “Түвдэнпэлжээлэн” хийдийн хамба ламын хэргэмтэй хүн дээ.
 
-Та бүхэн байгалийн гамшигт өртсөн Балба улсын эх эцгээсээ өнчирсөн 50 хүртэлх тооны хүүхдийг Монголд авч ирж “Түвдэнпэлжээлэн” хийдийн харьяаны цэцэрлэгтээ асарч, мөн цэцэрлэгийнхээ дэргэдэх хүүхдийн эмнэлэгтээ эмчилж, сувилах өгөөмөр буянтай ажил хийхээр хөөцөлдөж байгаа юм байна. Нөгөө талаар 30 сая Балбачуудын 12 сая нь өөрсдийгөө Монголчуудаас үүсэлтэй гэж ярьдаг тухай сонссон. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Тэгэлгүй яах вэ. Балба Монгол хоёр улс бол шашин ном, оюун санааны эх ундрагаас эхлээд маш олон сэжмээр гүнзгий холбогдсон ард түмэн байгаа юм. Бурхан багшийн мэндэлж, мэлмий гийсэн ариун дагшин нутаг бол Балбын Лүмбини гэдэг газар юм. Таны хэлдгээр 30 сая Балбачуудын 12 сая гаруй нь өөрсдийгөө монголчууд хэмээн үздэг. Тэдний өвөг дээдэс нь 5-10 мянган жилийн өмнө Монголоос нүүдэллэн гарч тэнд суурьшсан хүмүүс гэдэг. Манай хоёр ард түмний хувьд эртнээс найрсаг сайхан харилцаатай явж ирсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2001 онд Балбад албан ёсны найрсаг айлчлал хийснээр хоёр ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхтэй. 
 
-Таны хувьд бурхны шашин, буян номын чиглэлээр Балба улстай холбогдож, хамтран ажиллаж байсан удаа бий юу?
 
-Байлгүй яах вэ. Би гурван удаа Балбад очиж буян номын чиглэлийн ажил үйлсэд оролцож байсан. Хамгийн анх Далай ламын дэргэдэх Эмнэлэг, зурхайн сургуульд сурч байхдаа бурхан багшийн мэндэлсэн Лүмбини хэмээх ариун дагшин газарт очиж мөргөн залбирч, эргэл мөргөл хийж явсан. 
 
Хоёр дахь удаагаа 2001 оны нэгдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Лүмбинид Монгол сүм барихаар газар авч, лус савдагийг нь аргадан ном уншлага хийн буяны барилдлага тавьж байлаа. Гурав дахь удаагаа Дэлхийн Монголчуудын хурал Балбад болоход илтгэл тавьж, гарал үүсэл нэгтнүүдтэйгээ уулзан учрах завшаан тохиож байсан. Ерөнхийлөгчийн тэрхүү айлчлалын дараа 2001 оны зургаадугаар сард Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгийг байгуулалцаж, тэргүүнээр нь ажиллаж байна. Миний хувьд Балбын ард түмэнтэй ийм халуун сэтгэлээр ураг барилцсан бурханы шашны шавийн хувьд саяын тэр их гамшиг зовлонд үнэхээр их сэтгэл өвдөж, гэм зэмгүй тэр олон мянган хүний араас тасралтгүй буяны уншлага хийсээр явна. 
 
Дэлхий нийтээрээ эрвийх дэрвийхээрээ тусламжийн гараа сунгаж байхад Монголын лам нар бид яагаад ч хойш суух учиргүй гэсэн энэрэнгүй сэтгэлийн үүднээс манай хийдийн лам нар өдөр бүр буяны уншлага уншиж, тэр олон гэм зэмгүй хүмүүсийн араас буян үйлдэж байна. Цаашдаа бид ингэж ном буяны өглөг өгөхөөс гадна сэтгэлийн өглөг, аймшиггүй өглөг өгье гэсэн сэтгэлийн үүднээс өнчирч үлдсэн 50 хүртэлх хүүхдийг хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дипломат аргаар Монголд авч ирж “Түвдэнпэлжээлэн” хийдийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгтээ хүмүүжүүлж, цэцэрлэгийнхээ харьяаны хүүхдийн эмнэлэгт асарч сувилъя гэж хөөцөлдөж эхлээд байгаа юм. Ер нь бурхны номонд сэтгэлийн өглөг, номын өглөг, аймшиггүй өглөг, эдийн өглөг дөрвөөс хамгийн дээд өглөг нь номын өглөг гэж үздэг юм. Тийм ч учраас бид өдөр болгон хурал хурж, маанийн ерөөл тавьж байгаа. 
 
-Та бүхэн энэ өглөг буяны ажлаа төр Засгийн хэмжээнд сурталчилж, танилцуулсан уу. УИХ, Засгийн газрын зүгээс ямар нэг байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдсэн зүйл байгаа юу? 
 
-Бидний хувьд Монгол Улс дахь Балбын өргөмжит консул, Энэтхэг, Балба улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан О.Нямдаваа сайдтай хамтран хэвлэлийн бага хурал хийж, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлсэн. Тэр олон мянган гэм зэмгүй, гарал угсаа нэгтэй Балбын ард түмэнд бололцооныхоо хэрээр тусламжийн гараа сунгаач ээ гэж хандивын данс нээж, уриалга гаргасан. Миний хувьд “Түвдэнпэлжээлэн” хийдийн хамба ламын хувьд өөрийнхөө хүч боломжоор чадах, амжуулах ажил юу байж болох вэ гэж хамгийн түрүүнд бодсон юм. 
 
Тэгээд хийдийнхээ доод давхарт зай талбайгаа ашиглан 120-150 хүүхэд сурч, хүмүүжих бололцоотой цэцэрлэг, түүний хажууд тэдгээр хүүхдүүдийг сувилж, асрах зориулалттай хүүхдийн сувилалын эмнэлэг байгуулсан маань толгойд орж ирэнүүт “Ер нь л эцэг эхээсээ өнчирсөн 50 хүүхдийг авч ирж өсгөж, хүмүүжүүлье. Хүн болоход нь чадлынхаа хэрээр тус нэмэр болъё” гэж бодсоны үндсэн дээр энэ ажлаа эхлүүлээд байна. Ямар ч гэсэн тэдгээр хүүхдүүдийг сургууль соёлд ортол нь харж хандаад, өсгөж хүмүүжүүлээд байх байр талбай, хоол, хувцас хэрэглэлийн хувьд надад ийм л боломж харагдаж байна. Харин ямар арга замаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хоёр улсын Засгийн газрын хэмжээнд шийдэх асуудал байх л даа. Миний санаагаар бол хоёр ангид 25:25 хүүхэд аваад өсгөж, хүмүүжүүлээд өгье л гэсэн бодол, төлөвлөгөө байгаа юм. 
 
-Та сая нэгэн их алдартай суварга саяын газар хөдлөлтөөр эвдэрч, сүйдсэн талаар ярьсан. Энэ ямар түүхтэй, юу гэдэг суварга вэ?
 
-Балба бол бурхан багш мэндэлсэн ариун дагшин газар гэдгийг би түрүүнд ярианыхаа эхэнд онцолсон. Тийм ч болохоор бурхны шашны ариун дагшин газар, сүм дуган, суварга Балбад олон байдаг. Тэдгээрийн нэг алдарт Жарун Хашорын суварга саяын газар хөдлөлтөөр ихээхэн эвдэрч, дээрээсээ нурсан юм билээ. Энэ алдарт суваргын түүхээс өгүүлбэл туйлын ядуу шувуучин эм Шамвара дөрвөн өнчин хүүгээ өсгөхийн тулд хурааж цуглуулсан хөрөнгөөрөө энэ ариун суваргыг бүтэн дөрвөн жилийн турш барьж байгуулан суваргын хүзүүнд тулж очих үед насан эцэслэсэн түүхтэй. Дөрвөн хүү нь ээжийнхээ гэрээслэлийг хэрэгжүүлж дахин гурван жил нийтдээ долоон жил зүтгэж, хөдөлмөрлөсөөр энэ ариун суваргыг босгосон байдаг. Суваргын дотор Махашава бурханы сургааль номыг лацдан хадгалсан гэдэг. 
 
О.Нямдаваа: Балбачуудад Монголчуудын тусламж, дэмжлэг одоо л хэрэгтэй байгаа юм 
 
-Та хэдэн онд Энэтхэг, Балбад Элчин сайдаар ажиллаж байсан бэ?
 
-Би Энэтхэг болон түүнээс салбарласан жижиг улсуудтай өөрийн амьдралыг холбоод 40 гаруй жилийн нүүр үзэж байгаа хүн. Энэтхэгийн харьяанд хуучны Балбын вант улс буюу өнөөдрийн ардчилсан Балба улс оршсоор ирсэн. Мөн Шриланк, Бангладеш зэрэг орнуудтай Монгол Улсын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэхийн төлөөх ажилд 40 жил зүтгэж явна. Удахгүй Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Би энэ талаар ном гаргахаар ажиллаж байна. Балбын вант улс гэж байхад нь анх 1977 онд анх очиж байлаа. Түүнээс хойш 1998-2002 оны хооронд Энэтхэгт Элчин сайдаар ажиллаж байхдаа Балбыг давхар хариуцан ажиллаж байсан. Тэр үедээ Ерөнхийлөгч Н.Багабандийг Балбад айлчлуулж байв. Тэр айлчлалаар Балбын хаан Н.Багабанди Ерөнхийлөгчид үндсэнийхээ дээлийг бэлэглэхэд манай Ерөнхийлөгч шууд өмсөөд 30-40 мянган хүний өмнө гарч “За би та нартай адилхан байна уу” гэхэд тэр олон хүн мөргөж залбираад сүйд болж байсан. Балбачууд Монголчуудад тийм л эерэг сэтгэлээр ханддаг ард түмэн байгаа юм. Тэр айлчлалын бүрэлдэхүүнд Ж.Гончигсүрэн хамба маань багтан оролцсоноос хойш бид хоёр Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгийг байгуулалцаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. 
 
-Н.Багабанди Ерөн­хийлөгчийн тэр удаагийн айлчлалаар Бурхан багшийн мэндэлсэн Лүмбини хэмээх ариун дагшин газар Монгол сүм барихаар газар авсан байдаг. Тэр сүм баригдсан уу?
 
-Балбачууд өөрсдөө ч эрхэмлэн шүтдэг тэр ариун газарт 80:80 хэмжээтэй маш сайхан газар өгсөн юм шүү дээ. Харамсалтай нь эдийн засаг, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнөөдрийг хүртэл тэр сүм баригдаагүй л байгаа. Дараа нь бид Дэлхийн Монголчуудын их хурлыг 2012 онд Балбад зохион байгуулалцаж байлаа. Балбын 12 сая Монголчууд бол “Монголын дуу хоолой” гэдэг сэтгүүл гаргаж байна. “Монголын зүрх сэтгэл” гэдэг хөнгөн хөгжмийн хамтлаг байна. “Мисс Монгол” тэмцээнийг тогтмол явуулж байна. Ингэж Монголчуудаараа бахархаж бидний зүг цайныхаа дээдийг байнга өргөж, залбирч явдаг тэр ард түмнийг хайрлахгүй байхын аргагүй. Гэтэл сая ямар айхтар байгалийн гэнэтийн аюул болж, хэчнээн мянган хүн амь насаа алдаж, өнөөдөр ч хэдэн мянган хүн ор сураггүй алга болчихоод үндэстний хэмжээний гамшиг, зовлон тохиолдоод байхад бид тусалж дэмжихгүй бол жинхэнэ нүгэл болно. Түүнээс гадна Балба хүмүүс бол маш их энэрэнгүй найрсаг, зочломтгой зан ааштай, Монголчуудаас ялгарахын аргагүй адилхан царай зүс, зан авиртай хүмүүс байдаг. Тэд бол яах аргагүй бидний мах цусны тасархайнууд мөн. Он цаг, түүхийн даажигналаар холдож хагацсан Балбачууддаа одоо л бид халуун гараа сунгах цаг болсон. 
 
-Гончигсүрэн хамба лам та хоёр тэгвэл олон жилийн турш хамтран ажиллаж, өглөг буяны ажил хийж яваа хоёр байх нь ээ?
 
-Яах аргагүй үнэн шүү. 2001 оноос хойш л янз бүрийн буяны арга хэмжээ, хурал зөвлөгөөн зохион байгуулж, хамтран ажиллаж яваа хоёр. Манай хамба лам маань эцэг эхээсээ өнчирч үлдсэн Балбын 50 хүүхдийг авч ирж өөрийнхөө харьяаны цэцэрлэгт асарч, эмнэлэгтээ эмчилж сувилахаар зориг шулуудсан энэ сайхан буяны ажилд чадлынхаа хэрээр тус нэмэр болох санаатай л зохих албаны хүмүүст хандах, төр Засгийн өндөрлөгүүдийн сонорт хүргэх талын ажлыг нь хариуцаад явж байна. 
 
-Балба хүмүүс Монгол­чуудтай олон талаар адилхан гэлээ. Өөр нутаг орон, ахуй нөхцлийн талаар адилхан зүйл юу байдаг вэ?
 
-Мэдээж хамгийн гол нь хүмүүс нь адилхан. Нөгөө талаар Монгол, Балба хоёр хоёулаа эх газрын, далайд гарцгүй орон. Мөн хоёулаа хоёрхон том хөрштэй. Балба чинь Энэтхэг, БНХАУ хоёртой л хуурай газраар хиллэдэг, өндөрлөг уулын орон л доо. Балба улс 50-иад мужтай. Саяын газар хөдлөлтөөр ялангуяа Монгол гаралтай хүмүүс ихэвчлэн амьдардаг газар нутаг ихээхэн өртөж, сүйдсэн байна лээ. 
 
Сүүлийн үеийн мэдээллээр өнчирч хоцорсон хүүхдүүд хүний наймаанд өртөж, Пакистан руу зөөвөрлөгдөж байгаа тухай хар мэдээлэл гарсаар байгаа. Бидний хувьд бурханы шашны үнэнч сүжигтэн, шавь нарын хувьд хамба ламынхаа гаргасан энэ сайхан буяны ажилд гар бие оролцож, өнчирч зовсон тэдгээр хүүхдүүдэд чадлынхаа хэрээр туслахыг чин сэтгэлээсээ хүсч, энэ ажилд гар бие оролцож явна. 
 
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
 
-Миний хувьд Энэтхэг судлаач мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Дэлхийн Монгол гарал үүсэлтнүүдийн төвийн захирал. Одоогоор Олон улсын харилцааны чиглэлээр оюутнуудад лекц уншиж байна. Монгол Улсын Засгийн газраас “Гурав дахь хөрш” хэмээх том бодлого гаргаж ирснээр 20 жил болж байна. Энэ том бодлогыг хөгжүүлэх, урагшлуулахын тулд дэлхийн Монгол угсаатнуудыг ойртуулах, харилцан нээлттэй болгохын төлөө маш их ажил хийх шаардлагатай байгаа юм. Энэ ч утгаараа Балбад тохиолдсон энэ их уй гашуу, зовлонг нимгэлэхийн тулд бидний туслалцаа, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байгаа юм. 
 
Ж.Оюунчимэг: Манай эмнэлэг 50-60 хүүхдэд үйлчлэх боломжтой 
 
-Та өөрийгөө танил­цуулахгүй юу?
 
-Монгол зурхайн “Түвдэнпэлжээлэн” хийдийн дэргэдэх хүүхдийн харшил, сувилалын эмнэлгийн эмч Ж.Оюунчимэг гэж хүн байна. Өмнө нь Төмөр замын төв эмнэлэгт ажиллаж байгаад саяхан тэтгэвэрт гарч, одоо хувийн салбарт ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд амбултороор эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зорилготой. Гэхдээ өдөрт 50-60 хүүхдийг амбулторын үзлэгээр үйлчлэх, сувилалын эмчилгээ үзүүлэх бүрэн бололцоотой. Гол нь хүүхдийн харшлын өвчин, нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлээр дагнан ажиллаж байна. 
 
-Эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмчил­гээний материал, эмийн хангамжийн хувьд?
 
-Амбулторын үзлэгийн бүх төрлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Эмийн хүрэлцээ хангамж хүрэлцээтэй. Надаас гадна хүүхдийн нарийн мэргэжлийн Бүдээ гэдэг эмч ажиллаж байна. Хүүхдийн гэмтэл согог, харшлын талаар маш их туршлагатай эмч байгаа. Зөвхөн хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр сүүлийн 20 жил дагнан ажиллаж байгаа эмч юм. 
 
-“Түвдэнпэлжээлэн” хийд маш сайхан буяны ажил эхлүүлээд явж байгаа юм байна. Танай эмнэлэг энэ ажилд оролцоход бүх талаар бэлэн үү?
 
-Манай эмнэлгийн зай талбай, эмчлэх боловсон хүчний хувьд 50 хүүхдэд бүх талын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд ямар ч асуудалгүй, бүх талаар бэлэн байгаа. Тэгээд ч манай Ж.Гончигсүрэн хамба ламын энэ сайхан буяны санаачлага мянга, түм болон арвижиж, хишиг буянаа түгээхэд бидний зүгээс бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.
 
Эх сурвалж: