sonin.mn
Фэйсбүүк ухаж, твиттерт жиргэхгүйгээр өдөр тутмынхаа амьдралыг төсөөлөхөө байсан хэсэг бүлэг хүн Монголд бий болжээ. Тэдний зарим нь хэдий заваараа  ажил хийж, амьдардаг юм гэж гайхмаар эсвэл эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн учир үүнээс өөр хийх ажилгүй юм байна хэмээн ойлгогдохоор байдаг юм. Тэд өглөө хэрхэн босч буйгаа, өдөржин юу идсэнээ, шөнөдөө ямар байрлалтай унтаж байгаагаа хүртэл олон нийтийн сүлжээгээр мэдээлэхгүй бол амар заяагаа үздэггүй бололтой. Ийнхүү  өөрсдийгөө  өргөмжлөхийн зэрэгцээ, бусдыг муулж таашаал авдаг амьдралын хэмнэлтэй болтлоо зарим хүн  өөрчлөгджээ. Харамсалтай нь ийм төрлийн дон туссан хүмүүс дунд төрийн албан хаагчид, яам, агентлагын томоохон албан тушаалтай дарга нар, УИХ-ын гишүүд “жин дарж” байгаа нь Монгол төрийн бас нэгэн эмгэнэл болтлоо хурцадсан байна.
 
Саяхан манайд цахим орчны эрх чөлөөний тухай нэгэн чуулган болж  өнгөрөв. Үүгээр монголчуудын интернэт дэх эрх чөлөөт  байдал дэлхийн бүх орныг ардаа орхиж бараг нэгдүгээрт орж байна хэмээн бахархан ярьж  байлаа. Хүн бүр үзэл бодлоо хэнээс ч айхгүйгээр илэрхийлнэ гэдэг ардчилсан нийгмийн маш чухал үзүүлэлт мөн. Гэхдээ энэ эрх  чөлөөг хэтрүүлбэл олон сөрөг  үр дагавар гарч  буйг хэн ч дурссангүй. Бид эрх чөлөөний  салшгүй нэгэн хэсэг болсон  үүрэг хариуцлага гэдэг зүйлийг өнөөг хүртэл мартаж амьдарсан шигээ нийтийн сүлжээгээр дураараа чалчиж, дуртайгаа муулан аж төрж  байна. Жирийн нэг иргэн ийм төрлийн дон туссан ч бусдад учруулах сөрөг үр дагавар нь бага. Харин хариуцлагатай албан тушаалтнуудын санаатай, санамсаргүй бодлууд хурууны үзүүрээр дамжин хамжаараггүй мэдээллүүд болж цуврахдаа  эргээд нийгмийн сэтгэл зүйг эвдсэн, иргэдийн төрдөө итгэх итгэлийг балласан хар бараан зүйл  болж хувирах  болов. Өдгөө олон нийтийн сүлжээнд өнждөг албан тушаалтан, улстөрчдийг цахим орчин ашигладаг хүн бүр мэдэж байгаа учир нэр зааж жишээ татах шаардлагагүй байх. Тавантолгой гэдэг сэдвийн хүрээнд ярихад л ямар их үл ойлголцол, талцалд хүргэсэн мэдээллүүд  өнгөрсөн хугацаанд цахим сүлжээгээр явж байгааг иргэд харж байна. Гэтэл өнөөг хүртэл төр засгийн зүгээс Тавантолгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэхтэй холбоотой гэрээний талаарх системтэй нэг ч мэдээллийг албан ёсоор гаргаж  тавьсангүй. Гагцхүү хоёр тал болж хуваагдсан их мэдэгч нарын хийрхэл л иргэдийг төөрөгдүүлж Тавантолгойн тухай яриаг  үнэ цэнэгүй болгосоор байх юм.
 
Олон нийтийн сүлжээ ашиглан төрийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэх бол өөр хэрэг. Албан ёсны хаяг ашиглан ийм мэдээлэл тараах нь хэн хэндээ  ашигтай. Хэдий тийм боловч  манай төрийн албаныхан, УИХ-ын гишүүд, улстөрчид онлайн орчныг улстөржих талбар, хэн нэгнийг доош “хийх” арга болгон ашиглаж бусадтай байлдах  талбар болгодог болж. Төрийн тамгатай албан бичгийг онлайнаар түмэнд түгээж, жиргэх донгоосоо болж  улсын нууц мэдээллийг хүртэл дэлгэж орхисон тухай мэдээллийг эх сурвалжаас сонсч л  байна. Нэгэнт фэйсбүүк, твиттерийг хов живийн тавцан болгон ашиглаж байгаагаас хойш төрийн байгууллагын  ажилчдын  энэ төрлийн хэрэглээг ажлын цагаар хязгаарласан ч болохоор юм. Цахим шуудангаас эхлээд хурдан шуурхай ажиллах, мэдээлэл солилцох боломжтой болсон цаг шүү дээ. Хүнд сурталтайгаараа алдартай төрийнхөн ажлын цагаар “Candy crush” тоглохынхоо хажуугаар фэйсбүүкээр зугаалж, твиттерээр хов жив жиргэсэн шиг цаг нөгцөөж байгаа дүр зураг хаа сайгүй  байна. Хэрэв дээрх арга хэмжээг авбал ажлын бүтээмж нэмэгдэх нь гарцаагүй юм. Ажлын бус цагаар тэдний юугаа хийх нь хамаа алга.
 
Дээр бичсэнээр хариуцлагaтай албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд цадиггүй цахим улстөр хийсний горыг иргэд л амсдаг байж таарна. Цөөхөн монголчуудыг эвдрэлцүүлэх, талцуулах, хооронд нь өстөн дайсан болгох, төрийг үнэгүйдүүлэх ажлыг чухам тэд л маш сайн хийж байна. Хэрэгтэй гэхээсээ хэрэггүй мэдээллүүд олширсон фэйсбүүк, твиттерийн  орчин дахь хэсэг бүлгийнхэн, улстөрчид хэрүүлийн алим хаа сайгүй шидэж байна. Гишүүдийн хувьд бол тэднийг сайн хууль батлаж, бидний сайхан амьдрах нөхцлийг хангаж өг гэж сонгогчид санал өгсөнөөс бус твиттерт өнжиж, түмэнтэй  хэрүүл зарга хий гэж сонгоогүй билээ. Монголчууд бид “Юм үзээгүй хүн” гэж ярьдаг. Яг түүн шиг фэйсбүүкт зураг тавьж, твиттерт юу ч хамаагүй жиргэхгүй  бол хүн биш болох юм шиг санан, бодсоноо бурж, боссон суусан зургаа олонд дэлгэдэг “гаж донтон”-гуудын армитай болжээ.Энэ армийн бүрэлдэхүүнд төрийн толгойд суугаа хэд нь хүртэл багтаж цахим улс төрийг цадиггүй явуулсаар байна.
 
Ө.БАТХҮҮ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин