sonin.mn
МОСКВА. /NHK/. Украины дайнд Оросын Засгийн газар гүн холбогдсон гэж Оросын сөрөг хүчний идэвхтнүүдийн гаргасан тайланд бичжээ. Тэд мягмар гарагт Москва хотод хэвлэлийн бага хурал хийн уг тайланг танилцуулсан юм. Энэ оны хоёрдугаар сард Москва хотын төвд буудуулан амь үрэгдсэн сөрөг хүчний удирдагч Борис Немцовын цуглуулсан баримтууд уг тайланд багтсан байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгч байсан билээ.
 
Уг баримт бичгээс үзвэл, өнгөрсөн зун болон энэ оны эхээр Украины зүүн нутагт байлдааны ажиллагааны үеэр Оросын 220 цэрэг амь үрэгджээ. Орос руу тээвэрлэсэн авсны тоо болон амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнтэй хийсэн ярилцлагад үндэслэн амиа алдсан цэргүүдийн тоог гаргасан байна. Мөн Украины зүүн нутгийн зэвсэглэсэн салан тусгаарлах үзэлтнүүдтэй нэгдсэн оросуудыг сард 1700 хүртэлх доллароор цалинжуулж байжээ. Украинд цэргээ хөндлөнгөөс оруулсны улмаас Оросын санхүүгийн хямрал хүндэрч, Украинтай харилцаа дордож, дэлхийн тавцан дахь Оросын байр суурь муудсан гэж ОХУ-ын сөрөг хүчний гишүүд мэдэгдлээ. Гэхдээ Оросын армийнхан зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа гэсэн мэдээллийг Путин эрс няцаасаар ирсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"