sonin.mn
Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлж, бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор БСШУЯ-наас “Монголын инновацийн долоо хоног-2015” арга хэмжээг энэ сарын 13-20-нд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Монголын инновацийн форум”-ыг Төрийн ордонд зохион байгуулав. Форумд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа болон их дээд сургуулийн 400 гаруй төлөөлөл оролцлоо.
 
Мэдлэг бол эдийн засгийн хөгжлийн нэг чухал нөөц юм. Тиймээс ч  байгалийн нөөц баялгаас хэд дахин илүү эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болдог. Монгол Улсыг байгалийн баялаг, уул уурхай түшиглэн хөгжүүлэх бус мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр форумыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр, Бид шнжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилгоор боловсролын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Төрөөс 2014-2024 онд боловсролын салбарт баримтлах бодлогыг шинэчлэн баталсан. Улс орны ирээдүйг тодорхойлох хамгийн чухал үнэт баялаг бол   боловсролтой, чадварлаг иргэн юм. БСШУЯ-наас боловсролын шинэчлэлийн хүрээнд “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас”, “Багшийн хөгжил” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
 
 Өнөөдөр Монголын их, дээд сургуулиуд 181 хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын шилдэг их сургуулиудад Засгийн газрын хөтөлбөрийн дагуу оюутан залуусыг сургах ажил үе шаттай хэрэгжүүлж,  дэлхийн шилдэг 100 сургуульд оюутнаа илгээсэн, 1000 инженерийг Япон Улсад сургаж эхлээд байна. Ингэснээр дэлхийд тэргүүлэх мэдлэгт суурилсан  үйлдвэрлэлийг эх орондоо бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Түүнчлэн, “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримтлах бодлого”-ын шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх эрх зүйн орчныг, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэхээр ажиллаж байна. Эрдэмтэн, судлаачийн бүтээсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг шинэчилж батлуулсан. Юуны түрүүнд эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг  эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд  зорилго бүхий инновацийн дэд бүтэц, шинжлэх ухааны парк байгуулах үйл явцыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байгаа юм.  Үүний тулд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж салбарын өнөөгийн  нөөц боломжид тулгуурлан шинжлэх ухааны паркийн үндсийг тавихаар ажиллаж байна. Шинжлэх ухааны парк байгуулах тухай хуулийн үзэл баримтлал, дүрэм, журмын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Монгол хүний оюуны чадамжаар хийсэн бүтээлтэй болоход дэлхийн түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээний лабораториуд шаардлагатай байгаа. Энэ зорилгоор их сургуулиудад олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадалтай сургалтын төвлөрсөн, нээлттэй лабораториуд байгуулж эхэллээ. Энэ бүхнээс шинэ мэдлэг, шинэ нээлтүүд төрнө гэдэгт итгэлтэй байна. “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”, “Инновацийн үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг олон баримт бичигт өнөөдрийн форумаас гарсан санал, дүгнэлтийг тусгах болно” гэв.
 
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт ирүүлэв.
 
Төрийн тэргүүний илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд танилцуулав. Уг элгээлтэд, “Өдгөө биотехнологи, нанотехнологи, материалын болон мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил рүү, эдгээрт суурилсан мэдлэгийн шинэ үе рүү шилжиж байна. Аливаа улс орны эдийн засаг мэдлэгт суурилсан бүтээмжээс хамаардаг. Аливаа улс орны стратегийн нөөц нь мэдлэг болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Мэдлэгийг нийгэмд баялаг бүтээгч хүч гэж онцгойлон үзэх боллоо. Мэдлэгийг бий болгох, мэдлэгийг ашиглах чадвар нь үндэсний эдийн засгийн чадавх болоод өрсөлдөх чадварын үндсэн илэрхийлэл болж байна.
 
“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь тун сайшаалтай хэдий ч манайх шиг боловсруулах аж үйлдвэр, өндөр технологи сул хөгжсөн оронд инновацид илүү олон хоног зориулмаар байгаа юм. Эрдэмтэд, инженерүүд, залуучууд инноваци, шинэ технологийн талаар байнга идэвхтэй ажиллаж, бодож, хэлэлцэж, ухаанаа уралдуулж байх хэрэгтэй. Монголд инновацийн хөгжлийн тухай ярихад 365 хоногийн арга хэмжээ ч багадана.
 
Монгол Улсын хувьд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж, нэг хүнд ноогдох орлогын хэмжээ бага орлоготой орноос бага дунд орлоготой орны түвшинд шилжсэн ч үйлдвэрлэл, эдийн засгийн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Түргэн өсөх чадвартай эдийн засгийн салбаруудыг тодорхойлон богино хугацаанд хөл дээрээ тогтох гарааны компаниудыг бойжуулж, дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, улмаар шинэ салбаруудыг бий болгож хөгжүүлэх чухал ач холбогдолтой.
 
Судалгаа шинжилгээний лаборатори, шаардагдах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үүдэн оюуны чадавхи сайтай боловсон хүчнээ гадагш алдах, мэдлэгийн хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд ба хувийн хэвшил, аж үйлдвэрийн холбоо сул байгаагаас технологи, хэрэглээний судалгаа хийхгүй,  хийсэн ч үйлдвэрлэлд олигтой нэвтрэхгүй байгааг нуух аргагүй. Одоо ашиглаж буй техник, технологио сайжруулах, оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна, гадаадаас дэвшилтэт технологи авч бойжуулахад эрдэм шинжилгээ, дээд боловсролын байгууллагуудын дэргэдэх технологи дамжуулах төв чухал үүрэгтэй тул тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байна” гэжээ.
 
Харин Ерөнхий сайдын илгээлтийг Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа танилцуулав.
 
“Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа эрчимжиж, инновацийн чиг баримжаа улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлох боллоо. Манай орны хувьд “боловсрол-шинжлэх ухаан-бизнес” гэсэн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг уялдуулах, инновацийг хөгжүүлэх явдал чухал ач холбогдолтой болж байна. Инноваци бол улс орны хөгжлийг түүчээлэгч гол хүч нь байх ёстой. Энэ үүднээс Засгийн газар инновацийг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж үйлдвэр, бизнесийн салбаруудад хөгжүүлэх нь зүйтэй гэж онцолдог. Бид олон улсын жишигт нийцүүлэн их сургуулиудаа судалгааны их сургууль болгон эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн ажлын чанарыг сайжруулж, эдийн засгийн үр дүнд чиглүүлэн шинэ шатанд гаргахаар зорин ажиллаж байна.
 
2007 онд Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, 2008 онд  Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, 2010 онд Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын баримт бичигт Шинжлэх ухаан, инновацийн салбарыг зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх замаар судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн тогтвортой, мэдлэгийн эдийн засгийг бий болгоно гэсэн зорилт тавьсан.
 
Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулахуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий гарааны компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс тусгайлан дэмжинэ” хэмээн Ерөнхий сайд илгээлтдээ дурьджээ.
 
 Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг