sonin.mn
Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцоод ирсэн Монгол цэргийн бие бүрэлдэхүүнийг өнөөдөр хүлээн авах ёслол ЗХЖШ-ын талбайд боллоо. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд цэргүүдийг хүлээн авч, "ЗХЖШ-ын Батламж" гардуулав.
Москвагийн Улаан талбайд монгол цэргүүд цоглог хийморьтой алхаагаараа ялгарч, дэлхийн цэрэг болсноо илтгэн харуулсан юм. Манай зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагч багтсан 75 цэргийн албан хаагч жагссаны дотор 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэрэг байв.
 
Ялалтын баярын сүрт жагсаалд өндөр зохион байгуулалттай оролцсон Монгол цэргийн бие бүрэлдэхүүний энгэрт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн гарын үсэг бүхий "Ялалт-70" дурсгалын тэмдэг гялалзаж байв.
 
Жагсаалч цэргүүд маань энэ сарын 12-ны өглөө эх орондоо ирсэн. Тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ хангасан бөгөөд бэлтгэлийг нь ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, тус газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Гэрэлт-Од нар удирдан амжилттай сайн хангуулсны үр шимээр олон улсын цэрэг дайчдын дунд  монгол цэрэг содон сайхнаар ялгарч чадсан байна.
 
Жагсаалын захирагч Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдоос тодруулга авав.
 
- Та бүхэн Москвад хэд хоног байв?
 
- Бид 16 хоног байрлахдаа Марфино сувиллын газарт Серби, Энэтхэг, Хятадын цэргүүдтэй хамт бэлтгэлээ хангасан.  5 удаагийн нэгдсэн жагсаал хийсэн. Үүний хоёрыг нь Албинагийн талбайд, гурвыг нь Улаан талбайд хийсэн дээ.
 
- Ялалтын баярт оролцсон цэргүүд өөр ямар арга хэмжээнд оролцов, юм үзэж нүд тайлав уу?
 
- Тун өндөр зохион байгуулалттай, олон сайхан арга хэмжээнд оролцсон. Москва хотын түүхт дурсгалын бүхий л  газруудыг үзүүлж, дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Жагсаалд оролцсон олон улсын бүх цэргүүдэд ОХУ-ын Батлан хамгалаахын сайд В.Шойгугийн гарын үсэгтэй үнэмлэх, "Ялалт-70" дурсгалын тэмдэг гардуулан өгсөн. / Жагсаалд оролцсон бүх цэрэг тэмдгээ зүүсэн байв/
 
- Монгол цэргүүд Улаан талбайгаар жагсан явахдаа дуу дуулж, Оросын иргэд баяр хүргэж байсан гэж Москва дахь манай сурважлагч ярьж байсан?
 
- Улаан талбай руу бэлтгэл хийхээр жагсан алхаж байхдаа бид "День Победы", "Катюша" дууг хоолой нийлүүлэн дуулахад Орос иргэд,  гадаадынхан бидэнд  баяр хүргэн талархаж, гэрэл зураг  тасралтгүй авч байсан. Энэ бол монгол цэргийн бахархал байсан.
 
Энэ сарын 9-нд болсон Аугаа эх орны дайны ялалтын баярын жагсаалд Монголын бие бүрэлдэхүүнийг удирдаж ахалсан  Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд ажилласан бол Салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, 311 дүгээр ангийн ар талын орлогч, хошууч Н.Батсүрэн, Тугчаар 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт, Тугийн хамгаалагчаар 167 дугаар ангийн батальоны захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, дэслэгч А.Алтантүлхүүр нар жагсаалаа манлайлжээ.
 
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг