sonin.mn
Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буйтай холбогдуулж Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоос тодруулга авлаа.
 
-УИХ-аас өчигдөр Байгалийн баялгийн сан байгуулах тухай уулзалт  хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр гадны шинжээчид хуулийн төслийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
 
-Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сард УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, УИХ-ын гишүүд, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, харилцах агентлагууд, бие даасан судлаачид орж ажилласан. Хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын хэмжээнд сайн үр дүн авчирсан, сайн засаглалтай баялагийн сангуудын туршлагаас маш сайн судалсан. Бидний боловсруулсан хуулийн төсөл маань олон улсын хамгийн шилдэг загвар, мөн тавигдах шаардлагад нийцүүлж хийсэн. УИХ-аас зохион байгуулсан энэхүү уулзалтад олон улсын нэр хүндтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Андрю Бауэр илтгэл тавьлаа. Илтгэлд гарч буй үзэл баримтлал манай хуулийн төсөлд бүрэн туссан.
 
-Шинжээчийн зүгээс хэд хэдэн зөвлөмж хэллээ. Хамгийн авууштай зөвлөмж юу байв?
 
-Зөвлөмжүүд дотор эхлээд баялагийн сангийнхаа эх үүсвэрийг нэлээд сайн бодох хэрэгтэй. Өнөөдөр төсөвт мөнгө орж ирэхээр л түүнийгээ зарцуулаад байгаа шүү дээ. Тухайлбал, 2011 онд 2010 оныхоосоо хоёр дахин их орлоготой төсөв байсан. Тэгтэл бид түүнээсээ огт хуримтлал үүсгээгүй. Тэгэхээр нэн ялангуяа эх үүсвэрийн тооцооллыг сайтар хийх ёстой. Хоёрдугаарт төсвийн сахилга батын асуудал дээр анхаарал хандуулах ёстой. Энэ оны эхээр баталсан Өрийн удирдлагын тухай хууль нь бодлогын хувьд Баялагийн сангийн хуультай уялдаатай болсон. Гуравдугаарт баялагийн сангийн засаглал, хөрөнгийн удирдлагын асуудал байгаа юм. Сангаа бид аль болох улс төрөөс хол, бие даасан, хөндлөнгийн нөлөөллөөс хол сонгодог агуулгаараа зөв зохион байгуулалттай, компанийн засаглалын хэлбэрээр удирдах ёстой юм. Энэ чиглэлээр хуулиндаа тодорхой саналууд тусгасан. Гэхдээ сайжруулах шаардлага бий.
 
-УИХ-ын байнгын хороодын хуралдааны үеэр гишүүд өртэй байхад сан байгуулах нь эртэдсэн асуудал гэж байв. Гадны шинжээчид эхлээд өрөө дарах уу, хуримтлал үүсгээд өсгөж үржүүлээд явах уу гэдэг дээр асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн зөвлөмж хэлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
 
-Баялагийн сангийн хувьд улс төрийн нэгдсэн байр суурьтай байгаа гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар Ерөнхийлөгчтэй уулзсан. Бүх бүлгийнхэн энэ хуулийн зохицуулалт Засгийн газар дээр саатаад байгаа тул Ерөнхийлөгч өөрөө өргөн барихад анхаарна уу гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс байр суурийн зөрүү бага гэж ойлгож байгаа. Харин баялагийн сангаа өрийн менежтенттэйгээ хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал бол байж таарна. Ер нь айл өрх, аж ахуй нэгж ч мөн адил өр зээлтэй хуримтлалаа зэрэгцүүлээд авч явдаг шүү дээ. Ер нь энэ санг байгуулснаар Монгол Улсад эдийн засгийн хувьд тааламжтай бусад нөлөөлөл орж ирнэ. Нэгдүгээрт, манай улсын макро эдийн засгийн хувьд зөв бодлого тогтоогоод ирлээ шүү гэсэн эерэг мэдээлэл дэлхийн нийтэд хүрэх болно. Нөгөөтэйгүүр, бондоор хөрөнгө босголоо гэхэд тэр хэмжээгээр гаднаас босгож байгаа хөрөнгийн хүү, зардлын хэмжээ буурах юм. Энэ мэт тааламжтай боломжууд давхар нээгдээд явна гэсэн үг. Ер нь жилдээ 500-гаад сая ам.доллар баялагийн санд хуримтлууллаа гэхэд 30-аад жилийн дараа 100 тэрбум орчин ам.долларын хуримтлал үүсэх юм.
 
-Манай улс өмнө нь баялагийн сантай ижил төстэй сан байгуулж байсан ч амжилтгүй төгсч байсан. Өмнө нь гарч байсан алдаа юу байв?
 
-Баялагийн сан маань Хүний хөгжил сангийн дараагийн шат. Өмнөх сангууд хөрөнгийг яаж байршуулах вэ, яаж удирдах вэ гэдгийг шийдээгүй, зарлагын байдалтай явж ирсэн. Манай энэ сан тусдаа. Энэ сан маань хуримтлал бий болгодог. Түүнчлэн баялагийн сангийн удирдлага, бүтцийг нарийвчлан тусгаж байгаа тул амжилттай хэрэгжээд явах бололцоотой.
 
 
 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг