sonin.mn
“Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ сарын 29-нд тохионо. Үүнийг угтаж БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид энгэрээ мялаажээ.
 
 
 
НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “Энхийн төлөө” медаль гардуулах ажиллагаа энэ сарын  10-ны  өдөр болсон байна. М.Батчулуун захирагчтай IV ээлжийн батальоны албан хаагчид өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Суданы Ийда дах дүрвэгсдийн хуаранд гарсан галыг унтрааж 70 мянган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан юм.
 
НҮБ-ын медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам, Хүчний штабын штабын дарга, бригадын генерал Рүн Солбэрг,  Хойд секторын командлагч,  баригадын генерал Д.Баярсайхан, Бентью мужийн дарга хадагтай Мэрри Комманс, Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа  Ж.Молорболд нарын албаны хүмүүс уригдан оролцжээ. Батальоны медаль гардуулах ёслолын ажиллагаанд гурван генерал хүрэлцэн ирсэн нь Монголын батальоны үүрэг гүйцэтгэлт, Монгол цэргийн ур чадварыг үнэлсэн хэрэг гэж дүгнэж болох юм.
 
Батальоны захирагч хурандаа М.Батчулуун  ёслолын ажиллагааг  нээж  үг  хэлсний дараа UNMISS ажиллагааны Хүчний командлагч  дэслэгч  генерал  Иоханес Гебремескел Тэсфамариам  нийт бүрэлдэхүүнд хандаж UNMISS ажиллагааны хүнд цэгүүдийн нэг болох Бентьюд үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгааг онцлоод Монголын цэргийн мэргэжлийн ур чадварт үргэлж итгэж,  үүрэг гүйцэтгэлтэд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм. Тэрээр үүрэг гүйцэтгэх үлдсэн хугацаанд амжилтаа улам бататгахыг хүслээ.
 
 
 
“Энхийн төлөө” медаль гардуулсны дараа НҮБ-ын төлөөлөгчдөд сургагч ахлагч Б.Баднаанямбуугаар удирдуулсан салааныхан жагсаалын үзүүлэх тоглолт,  ахлах ахлагч М.Батзоригийн ахалсан  салааныхан гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна. Мөн энэ үеэр Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам  Монголын Зэвсэгт хүчний батальоны үйл ажиллагаатай танилцаж, шинээр тохижуулсан ажиллагааны удирдлагын өрөө, командын хорогдох байр зэргийг сонирхжээ. Тэрээр Монголын батальон хүчний хэмжээнд үлгэрлэн ажиллаж буйг онцлоод ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг хангах  талаар багагүй ажил хийсэн тань талархая гэсэн юм.