sonin.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын  үзүүлэлтийг танилцууллаа. 
 
34 нэрийн барааны үнэ нэмэгджээ
 
       Манай улсын хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.9 хувь, оны эхнээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсчээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, ус, бөс бараа, гутлын бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 18.2 хувийнх нь үнэ өсч, 2.4 хувийнх нь буурч, 79.4 хувийнх нь үнэ тогтвортой байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 36.6 хувь буюу 34 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
 
     Ажилгүйдлын түвшин 3.4 хувиар буурав
 
       Манай улсын ажилгүйдлын түвшин өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан бол гуравдугаар сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 48.5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний 4 сард ажилгүй 35.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин  нэг өрхийн сарын орлого дунджаар 941.5 мянган төгрөг байгааг Үндэсний Статистикийн хорооноос онцлов. 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.1 хувийг, 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 47.8 хувийг эзэлж буй аж. Харин 2 сая 100 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг эзэлж байна.
 
 Төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа
 
    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 139.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 7.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 1675.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1919.8 тэрбум төгрөг болсон байна. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 20.1 сая ам.долл буюу 1.4 хувиар нэмэгдсэн  бол импорт өмнөх оноос  491.9 сая ам.доллар буюу 32.2 хувиар буурчээ.
 
 Татварын орлого 38.3 тэрбум төгрөгөөр өсчээ
 
   Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 38.3 тэрбум төгрөгөөр буюу 2.7 хувиар өсчээ. Ийнхүү татварын орлого нэмэгдэхэд  татвар, төлбөр хураамжийн орлого 72.4 хувиар, онцгой албан татварын орлого 23.2 хувиар, нийгмийн даатгалын орлого  8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин  нэмэгдсэн өртгийн албан татвар 27.6 хувиар, гадаад үйл ажиллагааны орлого 16.4 хувиар буурсан байна.
 
 Чанаргүй зээлийн хэмжээ 747 тэрбум төгрөгт хүрэв
 
     Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 747.0 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 130.9 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж буй бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  587.8 тэрбум төгрөгт хүрчээ.  Энэ нь өмнөх сараас 28.1 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 288.8 тэрбум төгрөг буюу 2.0 дахин өсөөд байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж буй аж.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг