sonin.mn
Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг” төслийг боловсруулж дууссанаа өнөөдөр /2015.05.13/ танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
 
 
    Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдан явуулсан. Тэрээр “Өнөөдөр мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилгуудыг хэрэгжүүлэх механизм тодорхойгүй. Тиймээс тодорхой зорилттой, хэрэгжүүлэх механизмтай, хүрэх түвшин тодорхой, хянах үзүүлэлттэй бодлогын бичиг баримттай байх нь зүйтэй хэмээн үзсэн” гээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан ажлын хэсэг, ажлын дэд хэсэг болон туслалцаа дэмжлэг үзүүлсэн байгууллага, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.
 
 
 
    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Өнгөрсөн оны 4 дүгээр сард байгуулагдсан энэ ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын бүх бүлгийн дарга нар томилсон. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэх бодолгын чухал баримт юм. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг 8 удаа хуралдаж, орон нутагт, төрийн байгууллагын түвшинд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулснаа өнөөдөр  танилцуулж байна. Өнгөрсөн хугацааны амжилт, алдаа монголчууд бид бүгдийн хамтынх. Тиймээс алдаанаасаа сургамж авч, хуримтлуулсан амжилтынхаа туршлагыг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгахыг хичээсэн” гэлээ. Мөн тэрээр энэхүү бодлогын баримт бичгийн төслөөр нэлээд өргөн хүрээнд, хэд хэдэн шатны хэлэлцүүлэг явуулсны дараа УИХ-д өргөн барих юм гээд Монгол Улсын ирээдүйг хөгжил дэвшилд чиглүүлэх ач холбогдолтой чухал бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах шаардлагатай байгаа учраас хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалав.
 
    Үүний дараа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээний талаар ажлын дэд хэсгийн ахлагч, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль танилцуулав. Ирээдүйн Монгол Улсад хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн сайхан бүхнийг цогцлоосон нийгмийг бий болгохоор хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, 2014 оны 4 дүгээр сарын 15-нд УИХ-ын даргын 60 дугаарт захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг, түүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхийн ажлын дэд хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 25 000 гаруй цаг ажиллан, гадаад, дотоодод төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтэн, судлаачид, олон нийтийг оролцуулсан 400 гаруй удаагийн уулзалтыг зохион байгуулсан байна. Хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн олон улсын туршлага, сургамж, хүрсэн үр дүн, хөгжлийн философи, үзэл баримтлал, ирээдүйгээ төсөөлж, бодлогоо тодорхойлсон арга барилыг шинжилж судалсан талаар танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын эхний үе шатны хэрэгжилтийг үнэлж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, шалтгааныг тодорхойлжээ. Ийнхүү өнөөгийн нөхцөл байдлыг эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчноор шинжилж, үнэлсэн нь цаашдын хөгжлийн явц, боломж бололцоо эрсдлийг тодорхойлоход чухал үндэс болсон хэмээн Ажлын дэд хэсгийн ахлагч, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль танилцуулсан юм.
 
 
 
    Хөгжлийн өнөөгийн үйл явцыг үргэлжлүүлэх, илүү хурдацтай хөгжихийн тулд улс орон даяар баримтлах хөгжлийн урт хугацааны бодлогоо шинэчлэн тодорхойлсноор нийгэм, эдийн засгийн хөгжлийн потенциалыг оновчтойгоор бүрэн ашиглах, гадаад болон дотоод орчин нөхцлийн өөрчлөлтөд нийцүүлэх, цаашдын ирээдүйн боломжийг нээлттэй болгох юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн гол үзэл баримтлал нь тогтвортой буюу даацтай хөгжил хэмээн тодорхойлсон байна. Энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулахдаа судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны судлагааны арга зүйд тулгуурладаг дэлхий нийтийн нийтлэг зарчмыг баримталсан болохыг Ажлын дэд хэсгийн зүгээс онцлон танилцууллаа.
    Мөн 2040 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хөгжилд нөлөөлөх гадаад орчин, хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудын талаар мэдээлэл хийв. Дэлхийн эдийн засгийн гол үүсгүүр Ази тивд төвлөрөх, хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, манай улсын зүүн болон зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшил дэлхийн эдийн засгийн эргэлтэд орж, түүнээс үүдэх нөлөөлөл, цаг уурын өөрчлөлт зэргийг тооцож үзсэн байна. 2040 оныг хүртэл Монгол Улсын хөгжилд тулгарч болзошгүй эрсдлээр оюуны өндөр чадвартай, мэргэжлийн хүмүүс гадаад орнуудад татгдсанаас улбаалан өрсөлдөх чадваргүй ажиллах хүчний баазтай болох, дэлхийн зах зээлийн хөдөлгөөнөөс хамааралтай савалгаа ихтэй эдийн засагтай, иргэдэд бүтээлч бус хэрэглээний сэтгэлгээ давамгайлах зэргийг нэрлэв. Дээрх эрсдлүүд нь эдийн засаг, нийгмийг шинэчилж, хөгжүүлэх геополитикийн орчны шинэ нөхцөлд шилжихэд зайлшгүй тохиох үзэгдэл бөгөөд эдгээрийг оновчтой тодорхойлсноор улс орныг цэгцтэй, цогц байдлаар хөгжүүлэх  боломжтой хэмээн үзжээ.
    Ажлын хэсгийн боловсруулсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн үндсэн чиглэл нь монгол хүнийг хөгжүүлэн, өндөр мэргэшсэн ажиллах хүчтэй болж, бүтээх чадавхийг өсгөх, төрийн институцийн чадвах, бодлого, зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нийгмийн дунд давхарыг өргөжүүлж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд аж төрөх бололцоог бүрдүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлж, олон улсын зах зээлд нэвтрэх, нөөцийг үр өгөөжтэй ашиглах нь тэргүүлэх чиглэл байхаар тодорхойлжээ. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр хөгжсөн, аз жаргалтай, бүтээх чадвартай иргэдтэй, оюуны өндөр чадавхтай мэргэшсэн ажиллах хүчинтэй, мэдлэг оюун, өв соёлын баялаг хуримтлал, технологи инновацийн хүчтэй чадавхтай, төрөлжсөн хүчтэй эдийн засагтай, баялгийн тэнцвэртэй хуваарилалттай, нөөцийн өгөөжтэй ашиглалт, бүс нутаг, олон улсын хөгжилд үүрэг, оролцоотой Монгол Улсыг цогцлоох болно хэмээн тодорхойлсноо хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
 
 
 
Ажлын хэсгийн илтгэл, танилцуулга, мэдээллийн дараа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
 
УИХ-ын “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Сангийн яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл, Р.Гончигдорж, О.Содбилэг, Р.Амаржаргал, Ц.Цолмон нар болон ажлын хэсгийн гишүүд, яамд, агентлагийн холбогдох албан тушаалтнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, судлаач, мэргэжилтнүүд оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.