sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжсэн тул хуулийн төслийг баталлаа. Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-н Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.
 
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засгийн хөгжлийн яамын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай үүсчээ. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болох ч хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг