sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төслөөр адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэхээр байгаа аж. Тиймээс нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төсөлд тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.
 
Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар гарна гэж хууль санаачлагчид үзэж байна.
 
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа танилцуулав.
 
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн хэмээн хэмээн танилцуулав.
 
Байнгын хорооны санал, дүнэлттэй холбоотой асууллтай гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь дэмжиж, хуулийн төслийг батлав.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг