sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж явуулсан санал хураалтыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
 
Үүний дараагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Эдгээр баримт бичгийг харахад олон улсын байгууллагуудаас гаргасан дүгнэлттэй харьцуулахад Засгийн газар нэлээд эерэг тооцоолол хийсэн нь харагдаж байна. Ер нь эрсдлийг хэрхэн тооцсон бэ, хоёрдугаарт зээлийн эргэн төлөлтүүдийг хэрхэн тусгав, гуравдугаарт долларын ханшны асуудал  дээр Монголбанкны байр суурийг сонссон уу, эцэст нь төрөөс мөнгөө авч чадаагүй концессийн гэрээтэй компаниуд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр оруулж өгсөн бэ" гэсэн асуултыг тавьсан.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, "Гадны байгууллагаас өгч буй үнэлэлт дүгнэлт Сангийн яамнаас гаргасан тооцоо судалгаа хоёр үндсэн үзүүлэлтийн хувьд таарч байгаа. Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 4,4 гэж тооцсон. Бид 5 хувьтай байхаар тооцсон. Тооцооллын хувьд зөрүү багатай. 2017-2018 онд гадаад зээлийн төлбөр төлнө. Өр төлбөр барагдуулахын хувьд хүнд байдал үүсэх төлөвтэй байгаа. Иймээс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэхэд хүндрэлтэй. Мөн зээлжих зэрэглэлээ сайжруулах нь зайлшгүй. Улс орны эдийн засаг хүнд байна. Одоо бараг гадны бондын гэхээсээ дотоод бондын дарамтад орчихоод байна. Иймд үндсэн төсвөө алдагдалтай баталж болохгүй. Тэгвэл ирэх онд байдал бүр дордоно" гэсэн хариултыг өглөө.
 
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн, "Цалин тэтгэвэр цагтаа буухгүй байна гэж байна. Төсвийн орлогыг бодиттой тооцно, зарлага бууруулна, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ гээд байдаг. Гэтэл энэ бүгд эсрэгээрээ яваад байна. Төсвийн тодотголоо яаж өргөн барих гэж байна вэ? Данс тооцоо чинь улайчихсан уу" гэсэн асуултад Сангийн сайд, "Цалин нь тавигдаагүй ямар ч төрийн албан хаагч байхгүй. Бүх газарт цалин тавигдсан. Тавдугаар сарын цалин, урсгал зардлуудын гүйлгээ 100 хувь өчигдөр Төрийн сангаас гарсан. Төсвийн алдагдлыг өмнөх 2-3 жилд өндөр баталсан. Ингэснээр дотоодын өрийн хэмжээ нэмэгдсэн. Зээлийн хүүгийн зардал өссөн. Энэхүү нөхцөл байдлаасаа өнөөдрөөс эхлэн салах ёстой. Тодотгол хийх нөхцөл байдал үүсч байгаа. Тодотголыг тооцоо хийж өргөн барих байх гэж бодож байна" гэв. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Эдгээр баримт бичиг бол ирэх жилүүдийн хэрхэн амьдрах хар зураг гэсэн үг. Эдийн засгийн өсөлтөө дагаад төсөв нэлээд тэлсэн. Тэлсэн төсвөө хэрхэн яаж хумих гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Сайд Ж.Эрдэнэбат, "Эдийн засгийн өсөлттэй холбоотой төсөв тэлсэн. Өнгөрсөн нэг жилд төсвөө хумих бодлого барьж ажилласан. Юуны түрүүнд үндсэн төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй байна. Өнөөдрийн оруулж ирсэн төсөөллийн баримт бичиг ч үүнд чиглэгдсэн. Угаасаа аваад сурсан мөнгийг хасна гэхэд амаргүй. Гэхдээ хумьсан төсөв рүү орохоос өөр аргагүй" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Хамтарсан Засгийн газар байгуулснаар гурван төсөвтэй байсныг нэг болгосон. Төсвийн хүрээний мэдэгдэлд бодлогын чанартай зардал бууруулсан, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулсан, төсвийн алдагдлыг бондоор санхүүжүүлдгээ болиулах зэрэг асуудлыг тусгасан нь зөв болжээ. Өрийн удирдлагын стратегийг сайжруулах чиглэлд 2-3 зүйл тавьсан байна: Хэрхэн яаж ажиллах чигтэй байна вэ" гэсэн юм. Сайд энэхүү асуултад "Зээлжих зэрэглэлээ сайжруулах эхний алхам нь төсвийн сахилга батыг сайжруулах явдал юм. Дээр нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй гэсэн ажил арга хэмжээг хийх хэрэгтэй. Мөн төсвийг алдагдалгүй батлах нь чухал байна" хэмээн хариулав. Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд хэд хэдэн хуулийн төслийг шууд баталсан бол энэхүү хуулийн төслүүд дээр гишүүд нэлээд нухацтай хандаж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
 
 
Б.Туул
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг