sonin.mn
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм.
 
 
 
Сангийн сайдын танилцуулгаас харахад дэлхийн эдийн засагт удаашралтай, тодорхой бус байдал давамгайлсантай холбоотойгоор ойрын жилүүдэд түүхий эдийн зах зээлийн хувьд огцом сэргэлт ажиглагдахааргүй байгаа аж. ОУВС-гаас гаргасан түүхий эдийн үнийн төсөөллөөс харахад дунд хугацаанд түүхий эдийн үнийн түвшин 2012-2014 оны дунджаас нэлээд буурах хандлагатай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ дунд хугацаанд одоогийн түвшнээс өсөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын зүгээс манай улсын гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх 3 жилд 2015 оны түвшнээс өсөхөөргүй байхаар төсөөлжээ.
 
Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухайд эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй. Хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт өсөлт харьцангуй хадгалагдахаар байгаа бол төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарт уналт ажиглагдахаар байна. Ирэх жилүүдийн манай улсын эдийн засгийн төлөв байдлыг ОУВС-гийн хувьд 2016 онд 4.2 хувь, 2017 онд 3.8 хувь, 2018 онд 6.2 хувь байхаар төсөөлж байгаа ажээ.
 
Сангийн сайд илтгэлдээ, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац 2016-2017 онд үргэлжлэн саарч, 4.4-5 хувь болохоор байна. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулж байсан Оюутолгойн ордын зэсийн баяжмал, түүнд агуулагдах алтны хэмжээ 2016 оноос эхлэн багасаж, 2018 оны сүүл хүртэл буурахаар байна. Ингэснээр уул уурхайн салбар 2016-2017 онуудад жил дараалан буурах төлөвтэй байна. Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлсэн нөхцөлд барилга болон худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих боломжтой. Гэхдээ эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирээгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт дээрх төсөөллөөс огцом саарах эрсдэлтэй байгааг дурдлаа.
 
Тиймээс Монгол Улсын 2015 оны макро эдийн засгийн төлөв, нэгдсэн төсвийн 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг боловсруулахад төсвийн бодлогод өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал үргэлжлэх хандлагатай байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, татварын орчныг тогтвортойгоор хадгалах, төсвийн зарлагыг хэмнэх, үр ашиггүй зардлыг бууруулах, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх, төсвийн үндсэн тэнцлийг алдагдалгүй төлөвлөх, гадаад эх үүсвэр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжиж буй санхүүжилтийг ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээнд багтаах, Засгийн газрын өрийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилт дэвшүүлж байгаагаа дурдлаа.
 
Дунд хугацаанд төсвийн алдагдлыг бууруулж, үндсэн төсөв алдагдалгүй байх зарчимд шилжих, өрийн түвшнийг тогтворжуулах, зардлын өсөлтийг сааруулж, орлого нэмэгдүүлэх замаар төсвийн нөхцөл байдлыг сайжруулна. Шаардлагатай бус бараа, ажил үйлчилгээний зардлыг бууруулах замаар нийгэм-эдийн засгийн голлох хөтөлбөрүүдийн зардлыг дунд хугацаанд тогтвортой санхүүжүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.
 
 
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, Д.Хаянхярваа, А.Бакей, Д.Ганхуяг, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засагт хүндхэн нөхцөл үүсээд байна, гэвч төсвийн байгууллагуудын урсгал зардлыг цаг хугацаанд нь гаргаж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг саадгүй олгож байгаа. Одоогоор энэ сарын цалин нь тавигдаагүй төсвийн нэг ч байгууллага байхгүй, шаардлагатай зардлуудыг өнөөдөр Төрийн сангаас зуун хувь гаргасан.
 
Цаашдаа үндсэн төсвийг алдагдалтай батлаад явбал эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Иймээс зээлийн үйлчилгээний зардлыг бууруулах, гадаад дотоодын зах зээлээс аль болох хямд эх үүсвэртэй санхүүжилт олох гарц хайж байна. Түүнээс биш тодорхой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийг гаднаас авах боломжгүй гэлээ.
 
Мөн төсөвт тодотгол хийх шаардлагатай нөхцөл байдал үүсч байгаа тул холбогдох судалгаа тооцоо гарган нягталж ярилцсаны үндсэн дээр өргөн барихаар төлөвлөж байгаа. Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл дээр Монголбанкнаас санал авдаггүй, харин эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд санал өгөх хүсэлтээ явуулсан ч ямар нэг санал ирүүлээгүй гэдгийг нэмж тодотголоо.
 
 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсний дараа Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг эвслийн бүлэг өнгөрсөн Даваа гарагийн хуралдаанаараа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Сангийн сайдын танилцуулгыг сонсож, тайлбар тодруулга авахыг хүссэн ч ажлын боломжоос шалтгаалан салбарын сайд ирээгүй. Иймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар сайдын мэдээлэлтэй танилцаж, улс орны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай холбоотой энэ чухал асуудлаар тайлбар тодруулга авах, сайн нягталж ярилцах шаардлагын үүднээс ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.