sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын баян болон ядуу иргэдийн орлогын зөрүү асар өндөр байгааг тус улсын Засгийн газрын харьяа байгууллагын хийсэн судалгаа харуулжээ.
Үндэсний эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтийн комисс Бээжин хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр, БНХАУ-ын иргэдийн орлогын талаарх судалгааг танилцуулсан байна.
 
Айл өрхүүдийг жилийн дундаж орлогоор нь жагсаахад хамгийн өндөр орлоготой өрхүүдийн 20 хувь нь жилд дунджаар 30300 долларын орлоготой байсан бол хамгийн бага орлоготой өрхүүдийн 20 хувь нь жилд дунджаар 1500 долларын орлоготой байдаг болохыг уг судалгаагаар харуулжээ.
 
Мөн хотод амьдардаг өрхүүдийн орлого хөдөө орон нутагт амьдардаг өрх айлын орлогоос 1.8 дахин их байдаг болохыг уг судалгаагаар тогтоосон байна.
 
БНХАУ нь хөгжиж буй орон бөгөөд эдийн засгийн хурдацтай өсөлт нь баян ядуугийн хоорондох заагийг нэмэгдүүлж байна гэж Үндэсний эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтийн газрын дарга Ван Хайдун мэдэгджээ.
 
Мөн тэрбээр, БНХАУ-ын Засгийн газар энэ заагийг багасгаж, бүх хятад иргэдийг баян болгохын төлөө шаргуу ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг