sonin.mn
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор энэ сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.
 
 
Нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 210988 дугаар актын зарим хэсгийг буюу 2б, 4а заалтын 2007-2008 онд хамаарах 345 691 600 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр “Оюу толгой” ХХК татварын байцаагч нарын актын дагуу 345 691 600 төгрөгийг  орлогын албан татварт төлөхөөр болов.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг