sonin.mn
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа. 
 
-Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэж байна. Өмнө нь бодит хөрсөн дээр буухгүй байна гэдэг шүүмжлэл их гарч байв. Тэгвэл энэ удаад төсвийн хүрээний мэдэгдлийг бодит байдалтай хэр нийцүүлж байна вэ?
 
 -Ямар ч байсан Засгийн газар, Сангийн яам төсвийн бодлогын хувьд гаргаад байгаа алдаагаа засах ёстой гэдэгт нааштай алхам хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө зарлагыг бууруулахаас гадна төсвийн алдагдлаа багасгах болон зээлийн хүүгийн төлбөрөө бууруулахад нэлээд ахицтай өөрчлөлт хийх шийдвэр гаргаж эхэлсэн нь харагдлаа. Ийм болохоор төсвийн бодлогын хувьд алдаагаа засч эхлэх жил болно гэж ойлгож байгаа. Ер нь төсвийн хүрээний мэдэгдэлд нэг анхаарах зүйл байгаа нь чанар. Чанар гэдэгт юуг хэлж байна гэхээр төрийн албаны бүтцийг цаашдаа яах юм. Энэ чигээрээ данхар бүтцээр төсвөө иддэг чигээрээ яваад байх юм уу. Цаашдаа хөрөнгө оруулалтынхаа чанар чансаа, үр өгөөжийг яаж сайжруулах юм бэ гэдэг дээр ямар байдлаар хандах нь анхаарал татаж байгаа. Түүнчлэн сая 2016- 2018 оны өрийн удирдлагын стратегийг оруулж ирсэн байна. Энд хөрөнгө оруулалтын болон зээлжих зэрэглэлээ сайжруулахад чиглэсэн стратегийг тодорхойлж оруулж ирсэн. Гэхдээ мэдээж энэ хүрээндээ төсвийг боловсруулж оруулж ирэх үү гэдгийг харах л үлдлээ. 
 
-Тэгэхээр таны яриад байгаад “Стэнд-бай” хөтөлбөр багтана гэж ойлгох уу. Манай улс 2008 онд энэ хөтөлбөрийг авч байсан. Гэтэл одоо дахин авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа хэрэг үү? 
 
-Үнэндээ бидэнд үүнээс өөр гарц харагдахгүй байна. Ерөөсөө эдийн засгийн нөхцөл байдал өөрөө ийм замыг сонгохоос өөр аргагүйд хүргэж байгаа хэрэг. Төлбөрийн чадвар, төсөв санхүү нь хэцүүдчихлээ. Маш олон аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч байна. Татварын орлогын төлөвлөгөө тасарч эхэлсэн. Одоо бүр төсвийн тодотгол хийх талаар ярилцаад эхэллээ. Энэ бол эдийн засаг болохгүй байгаагийн тод илэрхийлэл. 
 
-Танд байгаа төсөв, санхүүгийн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг ямар байдалтай байна вэ?
 
 -Амаргүй байна. Ер нь миний харж байгаагаар Монгол Улс Олон улсын валютын сантай тохиролцож, ямар нэгэн хөтөлбөр авахаас өөр гарц үлдсэнгүй. Нэн ялангуяа хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалтай байна. Тэр дундаа төсөвтэй холбогдож, тендер аваад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил хийж байгаа байгууллагууд санхүүжилтээ авч чадахгүйд хүрлээ. Үүнээсээ болоод банк, санхүүгийн салбараас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч байх жишээтэй. Гэтэл үүний цаанаа банкны чанаргүй зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум төгрөгт хүрчихсэн байна. Ер нь ингэж чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа нь эргээд банкуудад эрсдэл авчрах магадлал өндөр болж байгаа юм. Энэ мэтээр үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг бид газар авахуулалгүй бодит төвшинд авчрах асуудлаа яримаар байна. “Болно, болж байна, сайхан байна” гэж цаг алдсаар байгаад маш том хүлээсэнд орчихлоо шүү дээ. Тиймээс хүнд байдлыг газар авахуулахгүй байх нь нэн тэргүүний асуудал болчихлоо. Уг нь төсөв батлах үед манай намын гишүүд хангалттай хэлж, ярьсан. Бүр бүлгийн зарим гишүүн УИХ- ын даргын өрөөнд орж, цагаан самбар дээр зураг зурж байгаад тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар төсвийнхөө алдааг засч залруулж баталбал тодорхой төвшинд хөрөнгө оруулалтаа тогтворжуулж, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, итгэлийг нь сэргээх хэрэгтэй гэдгийг хангалттай хэлсэн. Гэтэл АН-ынхан олонхиороо хүч түрээд л батлаад явдгийг мэдэх хүн олон байгаа байлгүй дээ. 
 
-УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн удахгүй Тавантолгойн дүгнэлтээ танилцуулна гэж байгаа. Үүний дараагаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж таарна. Энэ үед МАН- ын бүлгийнхэн ямар байр суурь илэрхийлэхээр байгаа вэ. Ер нь бүлгийн байр суурь нэгдсэн гэж ойлгож болох уу? 
 
-Манай бүлгийн байр суурь тун тодорхой байгаа. Тавантолгойгоо УИХ-аар хурдан оруулж ирээд хэлэлцээч л гэж байгаа. Цаг алдалгүй нэг талд нь багтаая л гэсэн саналтай байна. Бүлэг дээр Тавантолгойн доторх асуудлыг ухаж төнхөж ярилцаагүй. Ямар ч байсан оруулж ирж хэлэлцүүлээд цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах л хэрэгтэй. Үнэндээ энэ томоохон төслүүдээ явуулахаас өөр зөв сонголт ойрын ирээдүйд бидэнд харагдахгүй байгаа. Тиймээс гэрээ хэлцлүүдээ цаг алдалгүй, бас хуулийн хүрээнд шийдээд явах хэрэгтэй. 
 
-Ажлын хэсгийн ахлагч хэлэхдээ “Энержи ресурс” компани маш их хэмжээний өртэй учраас гэрээнд оролцуулах эсэхийг судалж байна. Ер нь энэ компани ойрын хоёр жилдээ дампуурах ч эрсдэлтэй” гэсэн. Энэ бүхнээс харахад хаврын чуулганы хугацаанд Тавантолгойн асуудал нэг тийш болох нь эргэлзээтэй боллоо? 
 
-Ажлын хэсгийн ахлагчийн яриаг сонссон. Ямар учраас ингэж яриад байгааг мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд уул уурхайн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өргүй байна гэж байх уу. Жишээлбэл, “Рио Тинто” бол манай “Энержи ресурс”- ыг бодвол дэлхийн хэмжээний акул шүү дээ. Гэсэн атлаа дараагийн шатны хөрөнгө оруулалт хийхэд нь дэлхийн 15 банк зээл өгөхөө илэрхийлсэн л байна шүү дээ. Тэгэхээр уул уурхайн томоохон төслийг явуулахад мэдээж зээлээр ажлаа хийнэ. Эндээс үзэхэд цаашдаа Монгол Улс томоохон хэмжээний аж ахуйн нэгжээ өртэй гэдгээр нь түлхэж, адлаад байвал эргүүлээд Монголын эдийн засгийг хэн чирч явах вэ гэдэг асуудал гарна. Төрийн дэмжлэг гэдэг зүйл хаана байх вэ гэдгийг бодох ёстой. 
 
-Хаврын чуулганы хугацаанд Тавантолгойг эцэслэх гарцыг та харж байна уу?
 
 -Би хувьдаа эргэлзэж байна. Гэхдээ энэ төсөл яваасай гэж үнэн голоосоо хүсч байгаа.
 
 
 
М.ӨНӨРЖАРГАЛ
 
Эх сурвалж: